Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбоо аймгийнхаа онцгой комисст хоёр сая төгрөг хандивлалаа
Монголын Залуучуудын Холбооны харъяа Хөвсгөл аймгийн Залуучуудын Холбооны тэргүүлэгчид дэлхий дахинд түгшүүр үүсгээд буй шинэ төрлийн Коронавирус буюу Covid-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, зудын гамшиг нүүрлээд буй сумдын малчиддаа сэтгэлийн дэм өгөх, онцгой нөхцөлд цаг наргүй ажиллаж буй төрийн албан хаагчиддаа туслах зорилгоор хандивын аян өрнүүлж, цугларсан хоёр сая төгрөгийг Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын тэргүүн Л.Ганболдод гардууллаа.
Аймгийн онцгой комиссын дарга Л.Ганболд Хөвсгөл аймгийн залуучууд нийгмийн олон салбарт манлайлан оролцох учиртайг онцлоод дээрх мөнгийг холбогдох журмын дагуу нэн шаардлагатай газруудад хуваарилан зарцуулж тайлагнах бөгөөд цаашид аймгийн Залуучуудын Холбоог дэмжиж, залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах болно гэдгээ хэлсэн юм.
Монголын Залуучуудын холбоо нь 99 жилийн түүхтэй манай улсын ууган байгууллагын нэг бөгөөд 2020 оныг “Андын ёс барилдах жил” болгон зарлаж гишүүнчлэлийн бүртгэлээ шинэчлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Л.Ганболдод аймгийн Залуучуудын Холбооны энгэрийн тэмдэг, гишүүнчлэлийн үнэмлэхийг тус аймгийн холбооны тэргүүн Д.Баярдалай гардуулж өглөө.
Дашрамд дурдахад уг үйл ажиллагааг дэмжиж оролцсон нутгаа гэсэн сэтгэлтэй Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн залуучууд мөн Д.Ариунтөгс захиралтай “Чамбай зам” компаний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монголын Залуучуудын Холбооны харъяа Хөвсгөл аймаг дахь салбар