Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

369
Дэлхийн улс орнууд үндсэндээ зургаан сарын турш коронавирустай эр­чим­тэй  тэмцсээр. Олон хүний амь насыг авч явсан энэ аюулт өвч­нөөс болж сүүлийн зур­гаан сард дэлхий даяар эдийн засгийн хямралд ороод байна. Хэдийгээр өвчний дэгдэлт буурахгүй байгаа ч хөл хорионоос шалтгаалсан хямрал улам эрчимжих хандлагатай байгаа тул зарим улс оронд өвчлөлөөс үл ха­маа­ран хөл хориогоо сулруулж эхэллээ. Гэвч коронавирусын халдвар өчүү­хэн сиймхийг ч андах­гүй гэдгийг өнгөрсөн ам­рал­тын өдрүүдэд болсон Бээжингийн үйл явдал харуулав. БНХАУ коронавирусыг ялсанаа мэдэгдэж хөл хориогоо цуцлаад байсан. Гэвч хараа хяналт, урьдчилан сэргийлэлтийг дээд зэр­гээр хийж байв.
Гудам­жинд явж байгаа хүмүүст мэдэгдэхгүйгээр халууныг нь хэмжих тө­хөө­рөмж, автомат ариутгал гээд технологийн шийдлүүдээрээ энэ улс хол тасарчихсан байгаа. Гэвч тэд дахиад л алдчихлаа. Бээжингийн хамгийн том, ойр орчмын муж хотуудыг хүнсээр хангадаг хүнсний бөөний төвийн ажилчдаас коронавирус илрэв. Өчигд­рийн байдлаар илэрсэн тоо 45 гэж байсан. Ийн­хүү Бээжин дахин хөл хорионы байдалд шил­жээд байна. Зарим сур­гууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зог­соож, спортын арга хэмжээ­нүүдийг цуцалж, хоол­ны газар, аялал жуулчлалын газруудыг хаалаа.
Тэгвэл зарим улс оронд коронавирусын тархалтаас илүү эдийн засаг нь чухал байгааг илэрхийлж эхэл­лээ. Тухайлбал, АНУ-ын бүх муж хөл хориогоо сулруулж, бизнесүүд алгуур эргэн нээгдэж бай­на. Блүүмберг агентлагаас тооцдог хэрэглэгчийн индекс нь алгуур сайжирч байна. Тус индекс гурав­дугаар сарын дунд үед 63 байсан бол тавдугаар сарын дунд үеийг хүртэл 34.7 хүртэл унасан байсан нь 35.5 болж бага зэрэг эргэж нэмэгджээ. Тус улсад кафе, ресторанууд тавдугаар сараас нээгдсэн. За­хиал­гын тоо  өмнөх долоо хоногт жилийн -87 ху­вийн уналттай байсан бол энэ долоо хоногт жи­лийн -82 хувь болж буурчээ.
Франц улс мөн хоёр сар гаруй хугацаанд үргэлжлүүлсэн хөл хориог тадугаар сарын дундаас сулруулсан. Кафе, зоогийн газрууд эхнээсээ нээгдэж, эдийн засгийн идэвхжил алгуур сэргэж эхэлсэн. Гэхдээ Францын сангийн сайд Бруно Ле Мэрийн мэдэгдсэнээр тус улсын эдийн засаг 2020 онд 11 хувиар агших хүлээлттэй байгаа аж.
Мөн Сингапур улс хоёр сарын турш үргэлжилсэн чангатгасан хөл хориог сулруулж эхэллээ. Эхний ээлжинд зарим сургууль болон бизнесүүдийн үйл ажиллагааг нээх зөвшөөрөл олгож, нийт ажилчдын гуравны нэг нь ажилдаа эргэн орж эдийн засгийн идэвхжилийг 75 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа аж. 2020 онд Сингапурын эдийн засаг 1965 онд тусгаар тогтносноос хойш анх удаагаа хамгийн ихээр буюу долоон хувиар агшиж болзошгүйг эдийн засагчид онцолж байна.
Дэлхийн эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг Америк, Хятад хоёрын харилцаа таагүй хэвээр байгаа нь бүр ч ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын зүгээс Америкийн агаарын компаниудад нислэгийн зөвшөөрөл олгохгүй бол Хятадын агаарын компаниудын АНУ-руу хийх нислэгүүдийг хориглоно гэж Трамп сүрдүүлсэн байна. Хятадын хувьд вирусаас шалтгаалан аль ч орны нислэгийг хүлээн авахгүй байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилж байгаа билээ. 
Хятадын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 90-95 хувийн хүчин чадлаар ажиллаж байсан бол энэ сарын эхээр 80-85 хувь болж буурсан байна. Энэ нь нэгдүгээр сард 55 хувийн потенциал түвшнээр ажиллаж байсан үетэй харьцуулахад эерэг дохио боловч хөл хорионы арга хэмжээг сулруулаад хоёр сар өнгөрч байхад сэргэлт төдийлөн эрчимжээгүй байгаа нь эрсдэлийн дохио болж болзошгүй аж.
Мөн Хятадын ардын их хурлаар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний уян хатан бодлого баримтална гэж мэдэгдсэн. Тухайлбал энэ сарын 1-нээс эхлэн 400 тэрбум юанийн квоттой арилжааны банкуудын жижиг аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг худалдаж авахаар болсон байна.  Мөн цаашид дунд хугацааны зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг дэмжих зэрэг арга хэмжээг авахаар бэлтгэж байгаа аж.
Ийнхүү дэлхийн улс орнуудын эдийн засаг их өөрчлөлтийн дунд байна. "Ковид-19" дууссаны дараа дэлхий хэзээ ч хуучин төрхөндөө орохгүйг судлаачид хэлсээр байна. Одоо мэдэгдэж байгаа эдийн засгийн хямралууд дөнгөж эхлэл төдий байгааг эдийн засагчид сануулсаар.
Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явц тогтвортой бус байх төлөвтэй байгааг “Goldman Sachs”-ийн Eрөнхийлөгч Жон Уолдрон анхаарууллаа. "Ковид-19"-ийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд дөрвөн хувиар агшихаар төсөөлөгдөж байгаа. 2021 онд агшилт илүү гүнзгий байж болзошгүй гэжээ. Эдийн засгийн сэргэлт “W” хэлбэртэй өрнөвөл бэрхшээл дагуулах бөгөөд ялангуяа, төсвийн дэмжлэг сул үед хэрэглэгчдэд илүү хүндээр тусна гэдгийг анхаарууллаа” гэж  Монголбанкнаас долоо хоног тутам олон нийтэд хүргэж байгаа гадаад орчны тойм мэдээлэлд онцолжээ. 

Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn