Дональд Трамп сонгуульд ялагдсан ч Цагаан ордноос явахгүй зөрүүдэлж магадгүй гэж өрсөлдөгч нь санаа зовж байна

404
Ардчилсан Намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден өчигдөр “The Daily Show” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө өрсөлдөгч Дональд Трампын талаар зарим сонирхолтой мэдэгдлүүдийг хийсэн байна. Тухайлбал тэр ирэх арваннэгдүгээр сард болох сонгуулийн үеэр өрсөлдөгч нь саналын үр дүнг луйвардах оролдлого хийж магадгүй гэдэгт санаа зовж байгаагаа ярьжээ. Ирэх сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахдаа зарим мужууд коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор шууданг түлхүү ашиглах магадлалтай байгаа. Харин Трамп сүүлийн өдрүүдэд шуудангийн хайрцгаар санал авах аргыг эрс эсэргүүцсэн мэдэгдлүүдийг дараалан хийсээр байна.
Тэрээр үүнийг сонгуулийн үр дүнг будилаантуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна Байден зөрүүд зантай Трамп сонгуульд ялагдсан ч Цагаан ордноос явахаас татгалзаж, хүчээр гаргах хэрэг гарч магадгүй гэж ярьжээ. Ингэхдээ тэр Трампыг цэргүүд Цагаан ордноос үдэж гаргах магадлал өндөр гэж ярьсан юм. Өнгөрсөн долоо хоногт Трамп сүмд очиж зураг авхуулахын тулд Цагаан ордны орчимд жагсаж байсан иргэдийг хүчээр тараалгаж, замаа цэвэрлүүлж байв. Тэгвэл Байден энэ үйл явдалтай холбож хошигносон бололтой. Америк даяар өрнөж буй арьс өнгөний үзлийн эсрэг тэмцлийг зогсоохын тулд цэргийн хүч хэрэглэх тал дээр Трамп армийнхаа удирдлагуудтай санал зөрөлдөж байгаа. 
Пентагоны тэргүүн асан Жим Мэттис саяхан хэвлэлд ярихдаа иргэний тэмцлийн эсрэг зэвсэгт хүчнийг ашигласнаар Америкчуудыг талцуулж байна гэж Трампыг шүүмжилсэн юм. Пентагоны одоогийн тэргүүн Марк Эспер зэвсэгт хүчнийг жагсаал цуглааныг тараахад ашиглахгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли ерөнхийлөгчийг Цагаан ордноос сүмд очихоор алхахад дагалдаж явсан нь алдаа байсныг өчигдөр хэвлэлд ярьжээ. 2016 оны сонгуулийн сүүлчийн мэтгэлцээний үеэр хэрвээ өрсөлдөгч Хиллари Клинтон ялбал ялагдлаа хүлээн зөвшөөрөх үү гэсэн асуултад Трамп хариулахаас татгалзаж байсан юм. Байдены ярилцлага цацагдсаны дараа Трампын сонгуулийн менежэр Тим Мартоу “Энэ бол сонгуульд итгэх итгэлийг унагах гэсэн Жо Байдены ээлжит гүтгэлэг. Ерөнхийлөгч Трамп 2020 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх нь тодорхой” гэж мэдэгдсэн байна.  

Р.Төмөр 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn