Л.Оюун-Эрдэнэ: 7 дугаар сарын 1-н гэхэд нийт иргэдээ вакцинжуулах зорилт тавьж байна

0
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ.Тэрээр мэдэгдэлдээ, “Монгол ахан дүүс ээ, Эрхэм хүндэт иргэд ээ!
Коронавирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж хүн төрөлхтөнд амьдралын цоо шинэ хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн II дайнаас хойш хамгийн олон буюу 2.9 сая хүний амийг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын хүндрэлээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ. Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод хүн амаа вакцинжуулах нь бидний эхний зорилт гэж хэлж байсан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ эхлээд үе шаттайгаар Засгийн газрын эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван гарах цорын ганц зам нь вакцинжуулалт юм. Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая хүнийг вакцинжуулахад нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа 2 жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн нийт хүн амын 1.8 хувь нь хос тунт вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж байна. Улс орнуудын Засгийн газар бүхэн иргэдээ вакцинжуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2дугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 хүн ам буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг дархлаажуулаад байна.Засгийн газраас 4, 5 дугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлаж байна.Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал:
  • 5дугаар сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг,
  • 6дугаар сарын 1-н гэхэд хөдөө орон нутгийн нийт иргэдээ тус бүр эхний тунд хамруулж,
  • 7дугаар сарын 1-н гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая!” гэсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn