БНХАУ зургаахан жилийн дараа эдийн засгаараа АНУ-ыг гүйцнэ
Коронавирусээс үүдэлтэй хямралын дараа эдийн засаг нь хурдацтай сэргэж буй орны нэг бол Хятад бөгөөд 2035 он гэхэд ДНБ-ээ хоёр дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж “Bank of America Global Research”-ийн Азийн эдийн засаг хариуцсан газрын дарга Хелен Циао онцолжээ.
Тэрбээр “CNBC”-д өгсөн ярилцлагадаа "БНХАУ ДНБ-ээ хоёр дахин өсгөхийн тулд ойрын 15 жилийн хугацаанд эдийн засгаа жилд дунджаар 4.7 хувиар өсгөх шаардлагатай. БНХАУ-ын хувьд эдийн засгаа ийм хэмжээгээр өсгөх нь хялбархан” хэмээжээ. Хелен Циао эдийн засгаараа дэлхийд тэргүүлж буй АНУ-ыг БНХАУ 2027-2028 онд гүйцнэ гэж таамаглаж байна. БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 2.3 хувиар тэлсэн. Харин Олон улсын валютын сан (ОУВС) Хятадын эдийн засаг энэ онд 8.1 хувиар өснө гэж таамаглаад буй. Тус сан АНУ-ын эдийн засгийг 5.1 хувиар өснө гэсэн таамгийг мөн дэвшүүлсэн.
Циао хүн амын хөгшрөлт, улс орны хөрөнгө оруулалтын өсөлтийн загвар гэх мэт нийтлэг асуудал Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулах боловч төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Лондон хотод төвтэй CEBR (Centre for Economics and Business Research) стратегийн судалгааны байгууллага БНХАУ-ыг 2028 он гэхэд эдийн засгийн хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж тооцоолжээ. Тус байгууллагаас жил тутам гаргадаг уг тайланд дурдсанаар 2021-2025 онд Хятадын эдийн засгийн өсөлт жилд дунджаар 5.7 хувьтай байх бол 2026-2030 онуудад бага зэрэг удааширч, дунджаар жилд 4.5 хувийн өсөлттэй байх аж. Харин АНУ-ын эдийн засаг 2022-2024 онд жилд дунджаар 1.9 хувийн өсөлттэй байх бол 2024 оноос цааш жилийн 1.6 хувийн өсөлттэй байх тооцоо гарчээ. Энэ нь өмнө тооцоолж байсан хугацаанаас таван жилээр урагшилсан тооцоолол бөгөөд үүний гол шалтгаан нь КОВИД-19 цар тахал аж.
Өөрөөр хэлбэл, КОВИД-19 цар тахал, түүнтэй холбоотой эдийн засгийн уналт Хятадын талд сайнаар нөлөөлөхөөр байгаа аж. БНХАУ цар тахлыг богино хугацаанд амжилттай давж, эдийн засаг нь сэргэх шатандаа орсон бол өрнөдийн орнуудын эдийн засгийн сэргэлт урт хугацаанд сунжрах төлөвтэй байгаа юм. Япон улсын хувьд 2030-аад оны эхэн үе хүртэл дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсын байр сууриа хадгалах ч Энэтхэгт гүйцэгдэж, дөрөвдүгээр байр руу шилжих юм байна. Энэтхэг 2016 онд ДНБ нь 8.7 их наяд ам.доллар байсан бол 2030 онд энэ тоо 19.5 болж, 2050 он гэхэд 44.1 их наяд болтлоо огцом өссөнөөр АНУ-ыг гүйцэж түрүүлэн, БНХАУ-ын дараа эрэмбэлэгдэх төлөвтэй байна. Үүний улмаас Герман дөрвөөс тавдугаар байрт шилжих ажээ. Одоогоор дэлхийд тавд бичигддэг эдийн засагтай Их Британи 2024 онд зургаадугаар байрт шилжих тооцоо гарсан байна.
Хэдийгээр Европын Холбооноос гарч, тусдаа хөгжих ч дижитал эдийн засгийн өсөлт нь тус улсын чадавхийг хэвээр хадгалж, 2035 он гэхэд Франц улсаас 23 хувиар том эдийн засагтай байх тооцоо гарчээ. Үүнээс гадна “Hurun Global Rich List”-ийнхэн өнгөрсөн онд төрсөн ам.долларын хоёр тэрбумтан тутмын нэг нь Хятадаас гаралтай байгааг онцолжээ. Тус улс өнгөрсөн онд 1058 тэрбумтантай байсан бол АНУ-д 696-д байв. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд 610 шинэ тэрбумтан төрсний 318 Хятадынх байна. Түүнчлэн тэрбумтнууд хамгийн их төвлөрсөн дэлхийн топ 10 хотын зургаа нь Хятадынх байгаагаас гадна Бээжин тэрбумтны тоогоороо тэргүүлсээр байна. “Hurun Global Rich List”-ийн ахлах судлаач Руперт Хогеверф "Сүүлийн нэг жилийн хугацаанд долоо хоногт найман ам.долларын тэрбумтан шинээр төрсөн” гэдгийг онцолсон байна.
КОВИД-19 цар тахлын улмаас дэлхий нийт урьд өмнө хэзээ ч байгаагүй эдийн засгийн хямралд нэрвэгдэж байхад манай гарагийн хамгийн баян хүмүүс 2020 онд улам баяжжээ. Коронавирус нь эрүүл мэнд, жижиглэнгийн худалдааны салбарт тэрбумтнууд төрөхөд хамгийн их нөлөөлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН