Т.Энхтүвшин: Газар хөдлөлтийн дараа 11 сумын 118 барилга байгууламжид үзлэг шалгалт хийсэн

658
МХЕГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Саяхан болсон газар хөдлөлт иргэдийн анхаарлыг барилга байгууламжийн чанарт ихээхэн хандууллаа. Монгол Улсад 130 мянга орчим барилга байгууламж байдаг гэсэн тоо бий. Үүний хэдэн хувь нь Нийслэлд байдаг вэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвгэрт 130 орчим мянган барилга байгууламж байрлаж байна. Орон нутагт 9000 орчим буюу 7.3, Улаанбаатар хотод 121000 орчим буюу 92.7 хувь нь байрлаж байгаа тоон үзүүлэлт бий. Эдгээр барилга байгууламжийг насжилтаар нь авч үзвэл, 17.6 хувь нь 1970 оноос өмнө, 37.6 хувь нь 1971-1990 онд, 32.4 нь 1991-2000 онд, 12.4 хувь нь 2001 оноос хойш баригдсан барилга байгууламж байна. Хамгийн их барилга байгууламж байдаг гэдэг утгаар нь Улаанбаатар хотыг энэ үзүүлэлтээр авч үзвэл 1970 оноос өмнө баригдсан 8.7, 1971-1990 онд баригдсан 19.3, 1991-2000 онд баригдсан 34.8, 2001 оноос хойш баригдсан барилга 37.2 хувийг тус тус эзэлж байна.
Эдгээр барилга байгууламжийг бүтээцээр нь авч үзвэл орон нутгийн тухайд 61 хувь нь тоосгон, 14.9 хувь нь угсармал, 6.6 нь модон, 14.3 хувь нь цутгамал төмөрбетон бүтээцтэй. Харин Улаанбаатар хотод 38 хувь нь тоосгон, 29 хувь нь модон,  10.2 хувь нь угсармал, 22.8 хувь нь цутгамал бүтээцтэй гэсэн судалгаа байна.
-Нийслэлд зуу гаруй мянган барилга байгууламж байна. Газар хөдлөлтийн аюул нүүрлэвэл тэр хэрээрээ эрсдэлтэй гэсэн үг. Тухайн барилга байгууламж газар хөдлөлтөд хэр тэсвэрлэлттэйд хяналт шалгалт хийгддэг үү?
-Газар хөдлөлтийн мужлалаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 25 хувь нь 6 болон түүнээс доош балл, 55.3 хувь  нь  7-8 балл, 19.7 хувь  9 дээш баллд байрлаж байгаа гэсэн үзүүлэлт байгаа. Улаанбаатар хот Монгол улсын баруун хэсгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс болон зүүн хэсгийн харьцангуй сул идэвхтэй бүс нутгийн заагт оршдог. Шинэчлэгдсэн газар хөдлөлтийн мужлалын зураглалаар Улаанбаатар хот газар хөдлөлтийн бичил мужлалаар 6, 7, 8 баллын бүстэй.
Нийслэлийн ойрхон Хустай, Эмээлт, Гавьж, Гүнж зэрэг газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд байрладаг.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016-2020 онд барилга байгууламжийн ашиглалт, тэдгээрийн хийц бүтээц нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хэрхэн хангаж байгаа төлөв байдалд улсын байцаагчийн 3820 дүгнэлтийг гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн. Эрсдэлтэй барилга байгууламжийн эзлэх хувь орон нутагт 16.6 /1500 орчим барилга байгууламж/, Улаанбаатарт 2.1 /2500 орчим/ хувьтай байна.
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжийг хяналт шалгалтад хамруулсан. Эдгээр барилга байгууламж нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажлын зураг төсөлгүй, газар хөдлөлтийн эсрэг авах арга хэмжээ авагдаагүй баригдсан байдаг. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас системтэйгээр сургууль, цэцэрлэг, соёлын төв, үзвэр үйлчилгээний газруудад хяналт тавин ажилласаар ирсэн. Улаанбаатар хотын хэмжээнд 575 сургууль, 242 цэцэрлэг, 331 эмнэлэг, 4280 орон сууц, 1188 олон нийтийн барилга байна. Үүнээс  Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжуудад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хэрхэн хангаж буй эсэхэд үнэлгээ дүгнэлт гаргасан байдаг.
2010-2019 оны хооронд  үнэлгээ хийлгэх шаардлагатай 1844 барилга байгууламжийн 741-д нь, орон сууцны 1320 барилгаас 616-д нь эрсдэлийн үнэлгээ хийгдсэн. Улсын ахлах байцаагчийн ашиглалтыг хориглосон шийдвэр гаргасан 344 орон сууц байна.
Олон нийтийн 525 барилгад хийгдсэн эрсдэлийн үнэлгээ дүгнэлтээр газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангаж байгаа 11, хүчитгэх шаардлагатай 43, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангахгүй 66 барилга байгууламж бий гэсэн тоо гарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016-2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй болсон, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний барилгуудын судалгааг хүснэгтээр гарган, нийслэлийн Засаг дарга болон холбогдох яамдуудад албан тоот, хавсралтын хамт хүргүүлсэн байгаа.
-Саяхан болсон газар хөдлөлтөөр учирсан хохирлын хэмжээ гарсан уу?
-Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлттэй холбогдуулан аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад холбогдох байгууллагуудтай хамтран тухайн нутаг дэвсгэрт байршилтай барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, үүссэн нөхцөл байдлын талаар оршин суугчдаас тодруулга мэдээлэл  авах, цуглуулах үүрэг даалгаврыг өгч, мэдээ тайланг хүлээн авч биелэлтийг тооцон ажиллаж байна.
Одоогийн байдлаар Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Дархан-Уул, Увс, Говь-сүмбэр аймгийн 11 сумын 118 барилга байгууламжийг хамруулан, үзлэг шалгалтын дүнг Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлд хүргүүлсэн.
Хөвсгөл аймгийн 50 барилга байгууламжийг хяналт шалгалтад хамруулахад барилга байгууламжийн суурийн хөндийн доорх газрын хөрс 5 см өргөн, 50 см гүнтэй хагарсан, хамар хана, гадна дүүргэгч хана, багана, дам нурууны уулзварын хэсгээр ан цав гарсан, хуучин үүссэн хагарлууд нэмэгдсэн, цонхны шил цуурсан, хагарсан, модон дам нуруу, баганууд цууралт үүссэн, мушгирч гажсан, барилгын гадна талын шавардлагад ан цав, хагарал гарсан, модон хучилт, таазанд хотойлт үүссэн, таазны шавардлага хөндийрсөн, сууринд суулт өгсөн зэрэг эвдрэл гэмтлүүд гарсан нь тогтоогдсон.
Ханх суманд 11 барилга байгууламжийг шалгалтад хамруулж, Тамгын газар, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, банкны барилга байгууламжуудад улсын байцаагчийн 6 дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн.
Мөн МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчийн 01/01 дугаартай “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” албан даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичгээр хүргүүлэн хяналт тавин ажиллаж байна.
Энэхүү албан даалгаварт барилга байгууламжийн төлөвлөлт, угсралт, ашиглалтад оруулах, паспортжуулах гээд бүх үе шатанд аюулгүй ажиллагааг хангах, шаардлагатай ажлыг зохион байгуулах, хяналт тавихыг даалгасан байгаа.
-Сүүлийн жилүүдэд барилгын бүтээц, технологи багагүй өөрчлөгдөж байна. Эрхзүйн бичиг баримт нь өнөөгийн нөхцөл байдалтай хэр уялддаг вэ. Барилгын салбарт өнөөдөр хэчнээн норм, журам мөрдөгддөг юм бол?
-Дэд бүтцийн хяналтын салбар нь нийт 26 хууль, 833 дүрэм, журам 1729 стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг. Эдгээр норм ба дүрмээс газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөхтэй холбоотой хоёр, Жайка олон улсын байгууллагатай хамтарсан төслийн хүрээнд “Өрөгт бүтээцтэй барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”,  “Цутгамал төмөр бетон бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”, “Том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”, “Авто зам, гүүр, инженерийн хангамжийн сүлжээнд газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх аргачлал”, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм” зэргийг мөрдөж байна. Зарим норм ба дүрэмд нэмэлт өөрчлөлт орж,  шинэчлэн боловсруулагдсан байгаа.
Эдгээрээс гадна барилгын ашиглалт болон эвдрэл гэмтэлтэй барилга, байгууламжид инженерийн биет судалгаа хийх талаар мөрдөгдөж байгаа хоёр дүрэм, мөн барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээжүүлэх, паспортжуулах үйл ажиллагаатай холбоотой нэг журам гэх мэт 10 гаруй  норм ба дүрэм, журмууд өнөөдрийн байдлаар мөрдөж байна. Ер нь бодлогын чанартай эрх зүйн баримт бичгүүд нэлээд шинэчлэгдсэн. Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажилд Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” барилгын норм ба дүрэм, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”-ийг түүний тайлбар гэсэн хоёр норм ба дүрэмд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавин ажилладаг.
-Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа юм билээ. Яг хэдийнээс эхэлж орсон юм бэ?
-2019 оноос эхлэн улсын комиссын бүрэлдэхүүнд улсын байцаагч нар хяналтын чиглэл тус бүрээр орж ажиллаж байна. 2019 оноос өмнө баригдсан барилгуудад хуучин нэрээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ахалж, холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон комиссын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж ашиглалтад хүлээн авч байсан.
-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn