Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг гаргана

458
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргахыг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд даалгалаа

Төрийн байгууллагуудын судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл тус нуурт живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113.850.000 литр буюу 1.1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0.26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм. ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд нууранд живсэн машин, техникийг гаргах бэлтгэл хангахад хоёр жилийн хугацаа шаардагдах аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ живсэн машин, техникийг татаж гаргахад анхаарна гэдгээ нутгийн иргэдэд хэлж байсан юм. Иймээс үүнд  биечлэн хяналт тавьж байхаар болжээ. Суурь судалгаа хийх, татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.   

Товч мэдээ:

- Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн батлав. Эрсдэлийн үнэлгээний ангилал, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх зорилго, үнэлгээ хийлгэх, хийх талын бүрэн эрх, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үнэлгээ хийх гамшгийн төрлийн тоо зэргийг нэмсэн байна.

- 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдаан цахим хэлбэрээр болно. Хурлаар төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөгжлийн албан ёсны тусламжид үргэлжлүүлэн хамрагдах, боловсрол, соёл, шинжлэх ухааны тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан, судлаач, шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог нэмэх, Европын Холбоонд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах зэрэг чиглэлээр санал солилцоно.

- 2020 оны 12 дугаар сарын 03-нд цахим хэлбэрээр болох Монгол Улс, БНЭУ-ын хамтын ажиллагааны хамтарсан хорооны долоодугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хурлаар улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх талаар хэлэлцэнэ.

- 2020 оны 12 дугаар сарын 07-нд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хурал болно. Хурлаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал 2021 оныг “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгох, “Монгол, Оросын санаачилга-2021” цуврал арга хэмжээ зохиох, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ярилцана. 

- “Баргилтех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагнал олгохоор болов.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn