“Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жилийн туг аялуулж эхэллээ
Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас энэ оныг хоймор нутгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүх салбарууд нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарласан.
Энэ хүрээнд төрийн байгууллага, төрийн албан хаагч, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, гэр бүл, хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, оюутан залуучууд гээд бүх салбар өөрсдөө шинийг санаачлан хийж хэрэгжүүлнэ.
Жилийн ажлын туг хоёрдугаар сарын 20-ноос эхлэн төрийн байгууллага болон сумдаар аялж эхэллээ. Туг нэг байгууллагад долоо хоног аялах бөгөөд сумд, агентлаг, байгууллагууд нэрлэсэн жилийн захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх, оролцоог хангах, зохион байгуулагдаж байгаа болзолт уралдаануудыг иргэдэд хүргэх, инноваци шингэсэн бүтээлч ажил санаачилж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, тугийг хуваарийн дагуу дараагийн байгууллага, суманд шилжүүлэх, ажлын тайланг гаргах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Тугийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс болон Алаг-Эрдэнэ суманд гардуулан амжилт хүслээ.
Б.Гантуяа