Мал, малчдад буруугаа тохож суугаа Засаг ноён Л.Ганболд
“Юу яриад байгаа юм” хэмээн уншигч та уулга алдах байх. Гэвч үнэхээр ингэж яриад сууж байгаа аймгийн Засаг ноён байна.
Манай сонин наймдугаар сарын №149 (3215), №151 (3217) дугаарууддаа Хөвсгөл нуурын эргэн тойронд олгосон зөвшөөрөлгүй газар, малчдын өвөлжөө, хаваржааг жуулчны баазуудад давхардуулан олгосон, гол, нуурыг хашаалсан зэргийг цувралаар хөндсөн билээ. Харин яг энэ асуудлаар МҮОНТ газар дээрээс нь нэвтрүүлэг бэлтгэсэн нь энэ сарын 7-ны орой үзэгчдэд хүрлээ. Тус нэвтрүүлгээр үнэн зүйл байгаа ч дэгсдүүлсэн зүйл ярьж байгаа иргэн, дарга нар байсныг ч зориуд тэмдэглэх нь зүйтэй. Учир нь газар дамлаж зардаг дарга гэлтгүй хувь иргэн ч байдаг тухай эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Гэвч хамгийн хачирхалтай нь Хөвсгөл аймгийг толгойлж байгаа Засаг дарга Л.Ганболд “Хөвсгөл нуурыг хамгийн ихээр бохирдуулж байгаа зүйл нь мал, малчид. Энэ хэвээрээ нуурын эргэн тойронд мал малласаар 10, 20 жил болох юм бол Хөвсгөл нуур улам бохирдон замагжиж, муудна” гээд ярьж сууна. Нутаг орноо ийм хүнээр хэлтэй, амтай дөрвөн жил удирдуулсандаа үнэхээр харамсах сэтгэл төрөв. Гол, нуур, булаг шандыг бохирдуулагч нь хүн, тэдний буруутай үйл ажиллагаа бус таван хошуу мал болж таарлаа. Мал хэтэрхий их ууснаас болж гол, нуур ширгэж, баас, шээс нь холилдсоноор замагжин өмхийрч бохирддог юм байх. Хүн төрөлхтөн анх хонийг л гэхэд МЭӨ 9000-11,000 жилийн тэртээ гаршуулсан гэж үздэг. Үүнийг уншаад Засаг даргын яриаг бодох юм бол одоо хорвоо ертөнц дээр цэвэр ус гэсэн ойлголт байхгүй бөгөөд энэ олон мянган жилийн туршид дэлхийн бүх усыг мал бохирдуулж амжина. Эсвэл хувьслын явцдаа одоогийн малын ялгадас хорт бодис ялгаруулдаг болчихсон байж мэдэх юм. Хэрэв ингэж хардаж байгаа бол эрхэм дарга Шинжлэх ухаанчаар асуудалд хандаж эрдэмтэд санал тавиад судлуулж, шинжлүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ хардлага нь үнэхээр батлагдвал “Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун мөрнүүд”, Хөвсгөл Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд”-ын сав газруудад мал бэлчээхийг хориглоё.
Лхагвасүрэнгийн Ганболд гэх энэ эрхэм “Ерөнхий сайд батламжлаагүй ганц Засаг дарга”, “авлига хээл хахууль авч газар олгосон” зэрэг хэл аманд орж байсан нэгэн. Хөвсгөл аймгийн хэмжээнд томоохонд тооцогдох ноолуурын ченж явсан тэрээр МАН-ын оюутан, залуучуудын байгууллагыг санхүүжүүлж, улс төрийн карьераа анх эхлүүлж байлаа. Мөнгө байхад асуудлыг шийдэж болдгийг харуулж тэрээр богино хугацаанд аймгийн МАН-ын хорооны дарга болж, улмаар өнгөрсөн 2016 оны сонгуулийн үр дүнгээр МАН ялалт байгуулахад аймаг удирдаж эхэлсэн юм. Хөвсгөл нуурын баруун, зүүн эргүүдэд нутгийн иргэдийн газартай давхцуулан жуулчны баазуудад газар олгож, тэд нар нь амралтын газар барих, зам тавих нэрийдлээр байгалийн зулзган ой, залуу моддыг олноор нь тайрсан хэрэг гарсан юм билээ. Тийм учраас аймгаас Ажлын хэсэг гарган байгаль орчны хохирлыг нь тооцож шүүхэд хандсан аж. Уг нь нутгийн иргэд ийм асуудал үүсэх гээд байгаа учраас газар олголт дээрээ анхаарч өгөөч гэж удаа дараа хэлсэн ч үгийг нь огт тоогоогүй учраас өнөөдөр олон тооны мод дахин ургахааргүй, байгалийн унаган төрх эргэж сэргэхээргүй болж байна. Нуурын эргэн тойронд үе дамжин амьдарч ирсэн иргэд газрынхаа гэрчилгээг авъя гээд чадалгүй өчнөөн жилийн нүүрийг үзэж, сүүлдээ төрж өссөн газар орноосоо хөөгдөж эхэллээ. Харин мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн газрын гэрчилгээ болохоор салбарын яам, аймгийн Тамгын газрын байран дээр аль эрт гарчихаад дараа нь Нуур хамгаалах газраас санал авахаар ирдэг гэх. Зүй нь бол эхлээд Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас эхлээд санал, зөвшөөрөл авах учиртай. Түүгээр ч үл барам нутгийн иргэний байшинг техникээр түрж зайлуулаад барилгын ажлаа эхэлсэн амралтын газар ч байна.
Нутгийнхнаа, нутаг орноо өмөөрч, хамгаалж байх ёстой ноён нь “Мал, малчин хоёроос боллоо” гэж нүд үзүүрлэн мөнгөтэй хүмүүст найр тавьж, тэд нь бохироо шууд нуурт цутгасаар байна. Зөвхөн мөнгө л олж байвал бусад нь хамаагүй тэдгээр хүмүүст байгаль орчин ямар ч хамаа байдаггүйг Монгол Улс олон гашуун тохиолдлоор баталсан. Хөвсгөл нуур нь Монгол Улсын усны нөөцийн 70 хувийг дангаараа бүрдүүлж, дэлхийд 14 дүгээрт эрэмбэлэгддэг цэвэр ус. Хоёр сая гаруй жилийн настай эртний нуур. Энэ нуурыг дахин сэргэхээргүй бохирдуулчихаад бид дэлхий нийтийн өмнө юугаа хэлж зогсох вэ. “Үүнд мал л буруутай” гээд шилээ маажиж, нүүрээ улалзуулж зогсох уу. Хорвоогийн жамаар Засаг ноён явлаа ч, задарсан архичин байлаа ч газрын хөрсөнд шингэх цаг ирнэ. Харин байгаль дэлхий гэдэг өөрөө мөнхөд оршиж, ирээдүй хойч маань тэднийхээ аврал, түшгээр амьдралаа авч явах болно. Уух усгүй, харж баясах байгальгүй болгочихсон хойноо үр хойчдоо чухам ямар үг хэлэхээ та бид одооноос бодож байх хэрэгтэй болох нь. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд ч яахав “Мал бохирдуулсан” гээд хэлчих учраас биднийх арай дөнгүүр, хүн үнэмшихээр байх ёстой болж байна.
Эс бөгөөс дээр дурдсанчлан ус, нуураа бохирдуулж дуусахаасаа өмнө томоохон, цэнгэг уст гол, нууруудын ай саваар мал бэлчээх, малчин өрх амьдрахыг хориглох хууль баталж, түүнийгээ ягштал баримтлах болж байх шиг байна.
Өглөөний сонин