Нэрээ бодсон нэр дэвшүүлэх ажиллагаа

560
УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх ажиллагаа өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилж, АН, МАН тэргүүтэй “том” нам, МАХН, МУНН, ИЗНН-ын “Та, бидний эвсэл”, ХҮН, СДН, ЗЁН-ын “Зөв хүн электорат” эвсэл болон зарим хүчин хэнийг хаана сойхоо амралтын өдрүүдээр шийдсэнээр хуулийн хугацаа нь дууслаа. Цар тахалтай холбоотойгоор эдгээр нам, эвсэл бүгд цахимаар хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсан юм.
АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН 71 ХУВЬ НЬ ШИНЭ
АН, МАН, “Та, бидний эвсэл” тус бүр 76, “Зөв хүн электорат” эвсэл 60, Гэр хороолол, хөгжлийн нам таван хүн нэр дэвшүүлэв. “Та, бидний эвсэл”-ийн нэр дор МАХН 56, ИЗНН 15, МУНН таван хүнийг нэр дэвшүүлж буй юм байна. Тэдний аль аль нь шинэ, залуу, нэр цэвэр хүмүүс нэр дэвшүүлэхийг зорьсон нь илт. Тухайлбал, АН-ын нэр дэвшигчдийн 71.4 хувь нь улс төр, төрийн дээд албанд өмнө нь ажиллаж байгаагүй шинэ хүмүүс болохыг тус намын удирдлага тодотгосон. Мэргэжлээр нь тодотговол бараг тал хувь нь эдийн засагч, санхүүч, 33 хувь нь хуульч, эрх зүйч, 7.6 хувь нь инженер гэнэ. АН-ын хувьд Сонгон шалгаруулалтын хороо байгуулж, намын анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэн “шигшээд”, Үндэсний бодлогын хороонд нэрсийг өргөн барьсан аж. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болон түүнтэй ойр гэгддэг цөөнгүй хүн АН-аас нэр дэвшихээр болсныг дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, зөвлөх А.Адъяасүрэн, Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Г.Уянга, Д.Батбаяр нараас гадна С.Гал-Эрдэнэ, Д.Өсөхбаяр нарыг нэрлэж болох нь.
“Зөв хүн электорат” эвслийг тэргүүлж буй, ХҮН-ын дарга Б.Найдалаа “Гурван нам эвссэн ч бид нэг баг. Иймд нам тус бүрт хатуу квот тогтоогоогүй. Дор бүрнээ намчирхаад, бүлгэрхээд байвал бид ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Бид сонгуулийн дараа нэгдэж, нэг нам болно гэж тохирсон” гэж байлаа. Мөн тус эвслийн нэр дэвшигчдийн дундаж нас 45, ажлын туршлага 20 жил болохыг удирдлага нь өрсөлдөх хүмүүсээс танилцуулахдаа онцолсон. Нэр дэвшигчдийнх нь 27 нь эмэгтэй аж. Ер нь бусад нам, эвсэл ч хуулиар тогтоосон эмэгтэйчүүдийн квотод нийцүүлэн нэр дэвшүүлжээ.
“ЖДҮ-ЧИД” БОЛОН “60 ТЭРБУМ”-ЫНХНААС ЖИЙРХЭВ
Харин МАН нэр дэвшигчдийнхээ талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч өнөөгийн УИХ-ын гишүүдээс цөөнгүй нь нэр дэвшсэнгүй. Бараг 30 гаруй хүнийг шинээр нэр дэвшүүлжээ. МАН-ын дарга нэр цэвэр, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлэхээ мэдэгдэж байсан. Тиймээс ЖҮДХС-гаас ойр дотнынхон нь зээл авсан болон “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон, нам дотроо хуваагдан, талцах  үеэр М.Энхболдыг дэмжиж байсан хүмүүсийн зарим нь өрсөлдөөнөөс өөрөө нэрээ татаж, тодорхой бүлэг хүнийг удирдлага нь “уралдаан”- аас зориуд хасав. МАН-ын дарга У.Хүрэлсүх хяналтаа бүрэн тогтоосон Удирдах зөвлөлийн түвшинд шийдэж, “зоосон” нэрсийг Бага хурлын гишүүд үндсэндээ зөвшөөрсөн. Гэхдээ зургаан хүн “заалнаас” буюу хуралдааны үеэр өөрийгөө нэр дэвшүүлсэн ч намын даргын жагсаалт өөрчлөгдөөгүй юм. Тодруулбал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав, дэд сайд Ж.Сауле, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Бага хурлын гишүүн Б.Нацагдолгор нар гар өргөсөн ч олонхын дэмжлэг аваагүй аж.
“Уламжлал” ёсоор аль аль намаас гомдогчид тодров. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн М.Тулгат Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан ч тойроггүй хоцорсон. Тэрбээр “З.Энхболд (Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон) “хулгайч” хаанаас гэнэт гарч ирсэн гай вэ. “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ. Тийм юм бол тэр “хэцүү” тойргуудад очоод, цэнхэртүүлээд ирэх нь яасан юм бэ. Судалгаа харж байгаад хамгийн дулаан хэвтрийг онилдог хүнийг лидер гэх үү. Үндэсний хэмжээнд хэрүүл л хийж ирсэн байх. АН-ын үзэл баримтлал либерал ардчилал-баруун төвийн үзэл санаа хаана байна вэ. Энэ социалист, нацист нөхөр АН-ын үзэл санааг тээгээд явж чадах уу” хэмээн нийгмийн сүлжээнд бухимджээ. Үндэстний цөөнх хийгээд эмэгтэйчүүдийг төлөөлөн МАН-аас нэр дэвших зорилгыг нэлээд эртнээс тээж явсан Ж.Сауле ч нийгмийн сүлжээгээр “Х.Бадeлхан байхад улс төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсныг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй. Өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй л “Баярлалаа” гэх байсан. Тэд Х.Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй” хэмээн хатуухан үг дайв.
...Нам, эвслээс нэр дэвшүүлсэн эдгээр хүн бүгд хүч үзнэ гэсэн үг биш. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хянаж үзээд хэнийг нь сонгуульд оролцуулахаа шийднэ. Жишээ нь, шинэчлэн баталсан УИХ-ын тухай хуулийн дагуу авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлж байсан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр буй ч сонгуулийн төв байгууллага зөвшөөрөх, эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна өдгөө хэрэгт холбогдуулан хууль, хяналтын байгууллагаас уяатай байгаа Э.Бат-Үүл нарын цөөнгүй хүн нэр дэвшихгүй байх магадлалтай...
ХЭД НЬ “ЖИНХЛЭХ” БОЛ
Урлаг соёл, спортынхноос Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Архангайд “Та, бидний эвсэл”, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Завханд МАН-аас, сумоч Д.Батбаяр АН-аас Сонгинохайрхан, жүжигчин Ж.Баясгалан АН-аас Баянзүрх, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү “Зөв хүн электорат” эвслээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшив. Харин өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж сонгогдсон дуучин С.Жавхлан энэ удаа төрсөн нутаг Увс аймагтаа АН-аас хүч үзэх нь. Түүн шиг тойрог сольсноо “хувь тавилан” хэмээн тайлбарласан өөр хүн үгүй ч буурь сэлгэж байгаа нь аль аль нам, эвсэлд цөөнгүй аж. Хан-Уул дүүргээс сонгогдож гишүүн болсон Б.Энх-Амгалан Говь-Алтай, Сүхбаатар дүүргийн С.Батболд гишүүн Дундговь, Говьсүмбэр, Хан-Уулаас сонгогдсон Ц.Нямдорж Орхоныг “онилоод” байна.
Ийн тойрог сэлгэх нэгэн байхад өрсөлдөгчөө амлаж аваад, хөөж “гүйцэх” ч нэгэн гарав. Өөрийг нь сонгуулийн өмнө ялд унагаж, хэрэг тулгах гэж байна хэмээн мэдэгдсэн, Улсын баатар Э.Бат-Үүл Хэнтий аймагт МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдөх нь. Тэрбээр өөрт тохиолдсон хэрэг явдлын буруутнаар эрх баригч намынхныг нэрлэж буй бөгөөд удирдлага нь хаана нэр дэвшинэ, тэнд очиж нэгийгээ үзнэ хэмээн мэдэгдээд байсан юм. Мөн “Зөв хүн электорат” эвслээс Дархан-Уул аймагт нэр дэвших мандатаа авсан Л.Наранбаатар тойргоосоо татгалзаж буйгаа “Миний бие З.Энхболдтой өрсөлдөнө гэж амлаж байсан билээ. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт З.Энхболдтой өрсөлдөхөөр боллоо” хэмээн мэдэгдэх нь тэр.
Ер нь нам, эвслээс нэр дэвшүүлсэн эдгээр хүн бүгд хүч үзнэ гэсэн үг биш. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хянаж үзээд хэнийг нь сонгуульд оролцуулахаа шийднэ. Жишээ нь, шинэчлэн баталсан УИХ-ын тухай хуулийн дагуу авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлж байсан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр буй ч сонгуулийн төв байгууллага зөвшөөрөх, эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна өдгөө хэрэгт холбогдуулан хууль, хяналтын байгууллагаас уяатай байгаа Э.Бат-Үүл нарын цөөнгүй хүн нэр дэвшихгүй байх магадлалтай. Юутай ч зургадугаар сарын 2 гэхэд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, үнэмлэхийг нь олгоно. Тэдний хэд нь “жинхлэх” бол?
Н.Энхбаяр гэснээс түүний хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр буй. Энэчлэн эцэг хүү, эгч дүү, хамаатан садан, бизнес, ажил хэргээрээ хамаарал бүхий хүмүүс нэр дэвшигчдийн жагсаалтад нэлээд байх аж. Тухайлбал, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг Өвөрхангай, төрсөн дүү П.Батчимэг нь Дорнод аймагт АН-аас нэр дэвших нь. Тэднийг тодорхойлдог АПУ гэх компанийн төлөөлөл ч нэр дэвшигчдийн дунд бий. АН-ын Б.Наранхүү, МАН-ын Б.Саранчимэг нар аанай л эгч дүүсээрээ хүч үзэх гэж байна. Харин “Нэт капитал” компаниар овоглодог ах дүүс болох Д.Сүндий, Д.Алтангэрэл хоёр АН-аас “горилж” байсан ч ах нь л Дорноговьт “хуваарилагджээ”. 

Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn