Хөвсгөлийн засаг дарга Л.Ганболдын бусдаас авлига шантаажилж байгаа бичлэг бий...

515

“Батжин-Ундрах" компанийн захирал Ө.Батцэнгэлтэй ярилцлаа.
 
-Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын 120 сая төгрөгийн авлигын талаарх мэдээлэл сонин дээр гарсан. Энэ талаарх мэдээллийг тодруулж байна? 
-Энэ хэрэг одоо АТГ-д шалгагдаж байгаа хэрэг. Би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
 
-Та энэ тухай асуудлаар АТГ-т өөрөө мэдээлэл гаргаж шалгуулсан юм уу? 
-Тийм. Хөвсгөл аймгийн Ханх сумын Тамгын газрын 1,2 тэрбум төгрөгийн барилгын тендерт манай “Батжин ундрах” компани оролцоод шалгарахтай холбоотой асуудал юм. Энэ асуудал дээр Л.Ганболдын авлига авсан мэдээлэл баримтыг АТГ-т би өөрөө түрүүлж гаргаж өгсөн. 
 
-Яагаад АТГ-т өгөх болсон билээ. Хэдэн сарын хэдний өдөр 120 сая төгрөг өгсөн юм бэ? 
-Намайг шантаажилсан л байхгүй юу даа. Яг тэдний өдөр гэдгийг нь хэлчихээр би өөрөө хэргийн материалыг задалсан болчих гээд байна ш дээ.
 
-Тэгээд хэн нь түрүүлж 120 сая төгрөг авах, өгөх тухай ярьсан юм бэ.Тодорхой ярихгүй юу? 
-Засаг дарга Л.Ганболд өөрөө манай компанийг тендерийн үйл ажиллагаатай холбогдуулан хясан боогдуулж, шантаажилсан нь тодорхой гэдгийг хэлье. Гэрээ хийхгүй, гэрээгээ батлахгүй гэж дарамталсаар мөнгө авсан гэсэн үг. Түүнээс биш би өөрөө дуртайдаа “май” гээд өгөөгүй нь ойлгомжтой ш дээ.
 
-Л.Ганболд яг юу гэсэн юм? 
-Тодорхой хэмжээний авлига өгөхгүй бол гэрээ баталгаажуулж, тамга дарж өгөхгүй гэсэн. Тэр чинь тэгээд л шантаажилж, авлига нэхэж байгаа хэрэг мөн биз дээ. Хуулийн байгууллагаар шалгуулж үнэн мөнийг нь тогтоолгохоор явж байна.
 
-Танд бичлэг нь байгаа гэсэн. Тэр бичлэгийг үзүүлж болох уу? 
-Засаг дарга Л .Ганболдын шантаажилж авлига авч байгаа бичлэг бий. Тэр бичлэгийг одоогоор өгч болохгүй. Яагаад гэвэл АТГ-т шалгагдаж байгаа болохоор шалгалтын явцад бичлэг өгч болохгүй гэсэн. Миний утсан дээр байгаа бичлэг, өөр бусад материалуудыг ил болгож болохгүй гэж манай өмгөөлөгч болон байцаагч хэлсэн. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой бүх баримт надад болон хуулийн байгууллагад байгаа. Энэ бүхэн баримттай. Би баримтгүй юман дээр хүн гүтгэхгүй.
 
-Танай компанид ямар хохирол учраад байгаа юм бэ? 
 
 
-Хууль бусаар шантаажилж авлига авахаас гадна барилга барьж байсан компанийн гэрээг үндэслэлгүй цуцалж манай компанийг хохироогоод байна. Үндэслэлгүйгээр тендер цуцлагдсанаас болж 200 гаруй сая төгрөгний хохирол учирчихаад байна. Энэ асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хууль бус үйл ажиллагаа хийж, хуурамч бичиг баримт бүрдүүлээд байгаа Хөвсгөлийн газрын албаны дарга, Тамгын газрын дарга, Өмчийн албаны дарга гээд хэрэгт холбоотой бусад хүмүүсийг АТГ-т өгөх гэж байна.
 
 
 
-Ер нь танай компани хэр зэрэг туршлагатай компани вэ? 
-Манай компани 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс хойш дандаа барилгын ажил хийж байна. Барилга барих чадваргүй компани байсан бол юу гээд л тендерт оролцоод явж байхав дээ. Чадвартай гэдэг нь анхнаасаа шалгарчихсан шүү дээ.
 
 
 
21 аймагт барилга барьж байсан. 100 гаруй барилга барьсан туршлагатай компани. Хүний нөөцийн хувьд инженер техникийн хангалттай олон ажилтантай. Бүх ажилчид дээр нийгмийн даатгал төлөгддөг. Хууль журмынхаа дагуу явдаг. Татварын газарт ямар ч өр ширгүй. Манайх ийм л компани.
 
 
-Орон нутгийн эрх мэдэлтнүүдийн сүлжээтэй заргалдаад үр дүнд хүрнэ гэж үзэж байна уу? 
-Хууль, шударга ёс гэж байгаа бол энэ хэрэг үнэн зөвөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Янз бүрийн авлига авсан талаарх мэдээлэл байнга л гардаг. Орон нутгийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт их байдаг талаар бизнес эрхлэгч болгон хэлнэ дээ. Манай компанийг дарамтлан авлига авсан ийм барим тавим баримттай хэрэг шийдэгдэнэ гэж найдаж байна. Ер нь бизнес эрхлэгчид маань иймэрхүү хууль бус шантаажлагчидтай ил гарч тэмцэхгүй бол болохгүй юм байна гэж бодож би энэ хэргийг сөхөж тавьсан.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn