Б.Цогтгэрэл “Онц хилчин цол”-той цэргийн албаа хаажээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Цогтгэрэл Увс аймгийн Хилийн дугаар ангид цэргийн албаа нэр төртэй хааж “Онц хилчин цол”-той халагдаж иржээ. Тэрээр цэргийн албанд сургалтын төвд байх үедээ Онц буудагч тэмдгээр, Давстын заставт үүрэг гүйцэтгэж байхдаа хилийн дугаар тэмдэгтийн чиглэлээр морин уналгатай хил зөрчигч орж ирснийг саатуулж хил хамгаалах байгууллагын зорилтыг ханган биелүүлж Оны тэргүүний хилчин Дэд түрүүч цолоор шагнуулсан байна.
Мөн халагдахын өмнө үе тэнгийн залуусаа манлайлан цэргийн албаа нэр төртэй хаасан учраас Монгол Улсын Онц хилчин ахлах түрүүч цолоор тус тус шагнуулжээ. Б.Цогтгэрэл “Цэргийн албыг өөрийн биеэр хааж байж эх орны үнэ цэн, цэргийн алба хаагчдын ажил, үүргийг маш сайн ойлгодог юм байна. Цэргийн алба миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлдлээ. Насан туршийн бахархал, омогшил минь байна гэдэгт эргэлзэхгүй байна. Үеийн найзуудаа заавал цэргийн албаа хаагаарай гэдгийг уриалмаар байна" гэв.
Б.Гантуяа