"Тогтвортой хөгжлийн боловсрол II" төсөл 5 сургуульд хэрэгжинэ
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, БСШУСЯ, БОАЖЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин мэдээлэл сургалтын төвөөс хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол II" төслийн хамтын ажиллагааны санамж бичиг, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын хэмжээнд 6 аймгийн 30 сургууль загвар сургуулиар шалгарч төслийг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.Төсөл тус аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн, Авьяас 8-р сургууль болон Хатгал, Рашаант, Цэцэрлэг сумын сургуулиудад хэрэгжих ажээ.
Тус төсөл нь тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан суралцагч, багш, ажилтан, олон нийтэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ. Тус төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд сургуулиудад санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллана. Цаашид улсын хэмжээнд шалгарсан 30 сургууль нь тогтвортой хөгжлийг түгээн дэлгэрүүлэх загвар сургууль болон ажиллахад чиглэгдэх юм байна.
Б.Гантуяа