Хөвсгөлийн Тариалан суманд дахин 1 хүн алга болжээ

Өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт хоёр настай хүүхэд сураггүй болж, 8 хоногийн дараа нас барсан байдалтай олдсон. Үүний дараа есдүгээр сарын 21-нд Хөвсгөлийн Тариалан суманд самарт явсан 46 настай эмэгтэй сураггүй алга болж, 18 хоногийн дараа ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Харин гурав дахь иргэн энэ сарын 6-ны өдөр гэрээсээ сураггүй алга болсон байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ тус сумын харьяат иргэн “Ц” нь 10.06-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 16.15 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.