АН-ын хэрүүл МАН-ыг “балиашиглах” уу

506
Ирэх сонгуулиар МАН дахин мандан бадарч, АН бүр арчигдаж ч магадгүй бололтой. Тиймээс л АН-ын дотоодын хагарлыг ажин, алга ташин инээвхийлж буй биз. Учир нь АН “алалцах” тусам МАН-д ашигтай.
“Үхнэ үхнэ гэсээр Үхрийн мах барав” гэгчээр АН шинэчлэгдэнэ хэмээсээр 2016 оны сонгуулийн ялагдлаас хойш дөрвөн жилийг ардаа үдлээ. УИХ-д арайхийн бүлэгтэй байсан ч гишүүдээ алдсаар өдгөө зөвлөлийн хэмжээнд хүрсэн. Дотоод асуудлаа шийдвэрлэж, шийдэлд хүрлээ хэмээн тунхаглан зарлаад байсан ч ёстой л “сахил хүртээд шал дордов” гэдэг болж С.Эрдэнэ дарга нь өнөөдөр өөрийнхөө өмнөөс залуусын “арми”-аа босгоод байгаа аж.
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдоос авах хандивын мөнгөний хэмжээнээс эхэлсэн С.Эрдэнэ даргын “дарангуйлал” хэрхэх бол? Анх 60 болон 100 сая төгрөгийг намдаа хандивлах тухай яригдаж эхлэх үед залуус нь буруу харж уйлж, зөв харж инээсээр товлосон хугацаанд нь мөнгөө “төлж” барагдуулсан.
УИХ-ын 76 суудлын төлөө АН-аас 180 гаруй нэр дэвшихээр горилж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тэдгээр нөхөд намынхаа дунд шатны үүр буюу аймаг дүүргийн АН-даа 180 саяас 388 сая төгрөг нэмж тушаасны дараа ҮБХ-ноос эхний эрхээ авах шаардлагатай болсон.
Энэ тухай АН-ынхан ёстой л ходоод хагаравч тогоон дотроо хэмээж, бас ч үгүй намын дарга ба түүний нөхдөөс айж явсаар 10-аад хоногийг үдэж, аргагүйн эрхэнд өнгөрөгч долоо хоногт тэсэрч эхэлсэн.
Тус намын гишүүн, Баянхонгор аймагт нэр дэвшихээр горилогч Д.Мөнх-Эрдэнэ “Сонгуульд нэр дэвшигчид намынхаа тогтоосон дэнчин татварыг тушаагаад, хандиваар зардлаа босгоод явдаг нь хэвшил болсон. Манай намын нэр дэвшихээ илэрхийлсэн Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүн бий гэдгийг ойролцоогоор тогтоосон. Хүн хэчнээн боловсролтой, царай зүстэй байгаад мөнгөгүй байвал дэвшиж чадахгүй гэсэн мэдэгдлийг С.Эрдэнэ том намын даргын хувьд хариуцлагагүйгээр мэдэгдсэн. Уг нь хүмүүсийг үзэл бодлоор нь өрсөлдүүлэх ёстой ч мөнгөөр нь уралдуулж байна. 100 саяын дэнчингээ өгсний дараа хоёрдугаар шатны гэрээ байгуулсан. Энэ нь аймаг бүрт зарцуулах зардлын хэмжээ. Миний нэр дэвших Баянхонгор аймагт гэхэд 400 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Энэ гэрээгээ нууцаар хийсэн. Ингээд нийт 500 сая төгрөг тушаасны дараа дахиад хоорондоо өрсөлдөнө. Тэгээд нэр дэвших үнэмлэхээ авч чадахгүй бол хохь нь гэж байна. Харин нам дараа нь улстөрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ бол МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байгаа хэрэг. Мөн АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувь нь С.Эрдэнэ даргын ах дүү, хамаатан садан. Манай намын байр С.Эрдэнэ даргын нэр дээр байдаг “Шонхор” тауэрт. Гэтэл бүх урсгал зардлыг намынхан гаргадаг. Намын байр өнгө ороод байдаг, нам өнгө ордоггүй ээ. Тэр дунд шатны дарга нарыг шууд томилдог болсон. Энэ нь намын дотор хагарал бий болгож байна. Үгээ хэлэх гэхээр хөөнө, тууна гэж загнадаг. Намайг шүүмжиллээ гээд сануулга өгсөн. Намын байр өнгө зүс ороод байгаагаас биш татвар өгдөг гишүүдийн амьдрал өнгө орохгүй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ мөнгөний схемийг зурж цахим дээр байршуулсан н.Маргад-Эрдэнэ гэж залууг намаас хөөсөн. Намайг удаа дараа шаардлага тавьсан гэх шалтгаанаар намын дотоод асуудал ярилцдаг группээс хассан. Өнөөдөр намайг үгээ хэлсний төлөө намаас хөөхийг үгүйсгэхгүй. Тиймээс би С.Эрдэнэ даргыг 72 цагийн дотор энэ их мөнгөний тайлангаа ил тод тайлагнахыг шаардаж байна. Үгүй бол АТГ, хууль цагдаа, Хүний эрхийн комисст хандана” хэмээн олон нийтэд намдаа гомдсон бухимдлаа илэрхийлсэн.
Ердөө л энэ. Хэлж буй нь Д.Мөнх-Эрдэнэ болохоос биш АН-ын залуус хэрхэх учраас мэдэхгүй, зарим бүр нэр дэвшихээ болих талаар санал солилцох болжээ. Залууст 100 сая төгрөг багагүй мөнгө. Ядахад өнөө цагт олон хүний хөлөө олсон бизнес ч орлого, ашиг нь муудаж байгаа. Ийм л цаг үед АН залуусаа хөрөнгөөр нь хэмжиж, гадуурхаж эхэллээ. Д.Мөнх-Эрдэнийн хэлсэнчлэн АН-ын дарга С.Эрдэнийн хүмүүс ч нэр дэвшихээр горилж байгаа аж. Нэр дэвшихээр горилогчдын хувьд өдөр өнгөрөх тусам улстөрийн карьер нь дуусгавар болох эсэх нь шийдэгдэж бухимдан, намын даргынхаа эсрэг арга хэмжээ зохион байгуулах тухай ч яригдах болсон. УИХ-ын сонгуулийн өмнө нам нь дотооддоо асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа нөхцөлд гишүүд нь 2-3-уулаа 26 тойрог руу хөтлөлцөөд явна гэдэг нь ч эргэлзээ төрүүлнэ. Тиймээс л МАН АН-ын хэрүүлийг балиашиглаж, бүр сайн “дүрэлзээсэй” хэмээн суугаа бололтой.

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn