Билл Гейтс: Цар тахал хүн төрөлхтний дайсан гэдгийг дэлхий даяар ойлголоо

463
"Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч, филантроп Билл Гейтс шинэ коронавирусийн эсрэг тэмцэхэд зориулж 100 сая ам.доллар хандивлажээ. Тэрээр "CBS" телевизийн "Энэ өглөө" нэвтрүүлгийн хөтлөгч Энтони Мейсонтой цахимаар ярилцсаныг хөрвүүллээ.
-Цар тахлын үр нөлөөгөөр Америкийн эдийн засаг хямарч эхэллээ. Та үүнд анхаарал хандуулж байгаа юу?
-Эдийн засаг сүйрч байна. Конгрессын гишүүд нэмэлт арга хэмжээ авах зэргээр бодлогын түвшинд ажиллах ёстой. Үндэсний хэмжээний хөл хорио тогтоовол тахлаар амь насаа алдах иргэдийн тоо буурна.
-Та Вашингтоны удирдагчидтай холбоотой ажилладаг. Энэ сэдвээр Ерөнхийлөгчтэй ярилцсан уу?
-Би Ерөнхийлөгч Дональд Трамптай шууд холбогдож ярилцаагүй. Манай сан цар тахлын эсрэг олон улсын тэмцэлд тусгахыг хичээж байна. Тиймээс эм үйлдвэрлэгч компанийн захирлуудтай ярилцаж вакцин гаргаж авах, эм тариа үйлдвэрлэхэд нь хөрөнгө оруулсан.
-"Хүн төрөлхтний дайсан бол тахал" гэж та 2015 онд мэдэгдэж байсан. Таны зөгнөл биелж эхлэв үү?
-Энэ бол зөгнөл биш. Судлаачдын үзэж байгаагаар ойрын 20 жилд халдварт тахал 20 сая гаруй хүний амь насыг авч одно. Галт уулын сэргэлт, газар хөдлөлт, жижиг гарагтай мөргөлдөх зэрэг таамаглал нь дэлхийг сөнөөхгүй. Харин халдварт тахал өнөөдөр хүн төрөлхтөнд асар их аюул заналхийлж байна. Манай сангийн судалгааны баг “Испанийн ханиад” шиг халдвар өвчин тархвал ердөө 250 өдрийн дотор дэлхий даяар 33 сая хүн амиа алдана гэсэн тооцооллыг 2015 онд гаргасан.
-Цар тахал хүмүүсийн үзэл бодолд нөлөөлсөн болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ бол кино биш бодит үйл явдал. Кинон дээр хэн нэгэн баатар дэлхийг аварч гайхамшиг тохиолддог. Хэрвээ бид өөрсдөө эрүүл мэнддээ анхаарахгүй бол өвдөнө. Цар тахал бол хэдэн арван сая хүний аминд хүрэх хамгийн том аюул гэдгийг дэлхий нийтэд ойлгууллаа. Түүнчлэн манай нийгэм хэчнээн материалистик болсныг сануулж байна. Гэтэл хүнд, хэцүү үед бидэнд тансаглал биш харин ердөө л хоол, ус, эм хэрэгтэй гэдгийг бид ойлгож байна. Бидэнд тайван байх эсвэл айдаст автах гэсэн хоёр сонголт байдгийг сануулж байна. Хүн төрөлхтний түүхэнд ийм нөхцөл байдал өмнө нь нэг биш удаа бүрдэж байсан тул бид үүнийг ойлгон тайван байх учиртай. Аль эсвэл үүнийг дэлхийн төгсгөл мэт хүлээн авч айдаст автаж, өөрсөддөө болон бусдадаа бүр ч илүү хор хөнөөл амсах болно.
-Манай зарим муж улс цар тахлаас урьдчилан сэргийлэхдээ алгуурлаж, цаг алдаж байна. Тиймээс Цагаан ордны удирдлага улс орныг бүхэлд нь хамарсан шийдвэр гаргах хэрэгтэй юу?
-Зарим мужийн амбан захирагчдад төрөөс хатуу шаардлага тавих ёстой. Урьдчилан  сэргийлэх ажиллагааг хэр хурдан эхлүүлнэ, төдий чинээ эерэг үр дүнтэй байх болно.
-2015 оноос тахлын тухай анхааруулж байхад улс орнууд яагаад бэлтгэлгүй байсан юм бэ?
-Улс орнуудыг бэлтгэлгүй байсан гэж буруутгаж болохгүй. Сүүлийн жилүүдэд оношилгооны төхөөрөмжийг сайжруулах төсөлд Засгийн газрууд хөрөнгө оруулсан. Манай сан олон улсын хүрээлэнгүүдтэй хамтран вакцины төсөл дээр ажиллаж байгаа. Шинэ коронавирус энэ салбарын мэргэжилтнүүдэд “сэрүүлэг” боллоо. Мөн энэ вирус биднийг богино хугацаанд дарамтлахдаа насаараа дарангуйлалд амьдарч байгаа бусдыгаа ойлгоход хүргэж байна. Бид дараагийн удаад илүү бэлтгэлтэй байх болно. 

Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn