Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулах төслүүдийг судлах хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүд эдгээр байгууламжтай танилцсан юм.