Гавьяатууд минь ахин битгий талцаж маргалдаарай, чөлөөтийн бөхчүүд чинь өнгөтэй байна шүү
Манай чөлөөт бөхчүүд 1980 оны Москвагийн олимпоос хойш олимпын медаль хүртэж чадалгүй 44 жилийн нүүрийг үзэж байна. Олимпоос эрэгтэй тамирчид медаль хүртэж чадахгүй байгаа явдал нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын улс төржсөн, урагшгүй байдалтай холбоотой. Мөн багш дасгалжуулагчдын хувийн амбиц, эв нэгдэлгүй байдлаас ихээнхэн хамааралтай байгаа билээ.
Чөлөөтийн холбоог улс төрч, бизнесмэн, ах, дүү, хамаатан садан, ураг төрлийн хамаарал бүхий сэтгэлгүй, зүтгэлгүй хүмүүс улиг болтол удирдсан. Тэдгээр хүмүүсийн амьдрал сайжирсан. Харин эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын ур чадвар, амжилт унаж, уруудсан. МЧБХ-ны удирдлагууд олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн хэдэн эмэгтэй тамирчдын амжилтаар нүүрээ тахалж, өөрсдийгөө хамгаалан зөвтөж ирсэн билээ. Яг үнэндээ монголын чөлөөт бөх, энэ спортод өөрийн амьдрал, сэтгэл зүрхээ зориулсан МУГД. З.Дүвчин, Ц.Хосбаяр, Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан, Б.Баяраа, МУГТ Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баттулга, ОУХМ Ё.Батдархан, С.Мөнхдуулдах, Б.Идэрсайхан, Д.Мөнхбаяр, А.Цэдэнсодном, П.Чулуунбаатарын шавь нарын амжилтад дээр дүүжигнэн тогтож байгаа.
Тамирчид, багш, дасгалжуулагчдыг эв нэгдэлтэй, нийтлэг нэг эрх ашигтай, нэгдсэн зорилготой байлгаж, нэгтгэн захирч, зангидах ёстой МЧБХ-ны удирдлагууд зөв менежентийг хийж чадалгүй өдийг хүрсэн. “Рио 2016” олимпод МЧБХ-ны удирдлагууд тамирчин, дасгалжуулагчийнхаа эрх ашгийг хамгаалах ёстой байсан. Гэтэл тэд авилга авч, нэг талд үйлчилж, шүүсэн байх магадлалтай ДБНХ-ны шүүгч нарын эсрэг тэмцээгүй. Хэрэв тэмцэж чадсан бол олимпын медалиа алдахгүй байх боломжтой байсан юм. Гэтэл тэд олимпын наадмын 65 кг-ын жингийн барилдааныг шүүсэн шүүгчдийн бусармаг үйлдлийг зөвтөн, буулт хийж, өөрийн тамирчин, дасгалжуулагчдыг буруутган хэлмэгдүүлсэн билээ.
Өнгөрсөн жилүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт, сорилго тэмцээн, дэлхийн цомын тэмцээний визний асуудалд МЧБХ-ны удирдлагууд хариуцлагагүй хандаж, тамирчид, багш, дасгалжуулагчдын хооронд нэлээдгүй маргааныг дэгдээсэн. Тэр маргаан, хэрүүл нь чөлөөт бөхийн холбооны “тогооноос” хальж, нийгмийн бухимдал болон иргэдийг талцан хуваагдаж, маргалдахад хүргэж байлаа. Мөн саяхан 2024 оны УАШТ-д түрүүлсэн тамирчдыг Үндэсний шигшээ багт авахдаа алдаа гаргасан. Тэр алдаагаа даруйхан засаж залруулаад явна гэдэг итгэж байна.
МЧБХ-ны багш, дасгалжуулагч, тамирчид эв нэгдэлтэй болж, холбооны удирдлага менежент өөрчлөгдөхийг олон жил хүлээсэн. Тэр хүлээлтийн, хөгжлийн дулаан салхи энэ жилийн УАШТ-ээс эхлэн сэвэлзээд эхэлсэн. 2024 онд Монголын чөлөөт бөхийн холбоо шинэ ерөнхийлөгч, шинэ ерөнхий нарийн бичгийн даргатай болж өөрчлөгдсөн. Тус холбооны олон жилийн угжирсан хэрүүл, маргаанд эцсийн цэгийг хатгах найдлагыг төрүүлээд эхэлсэн байгаа. Тус холбооны нарийн бичгийн дарга багахан хугацаанд, чамгүй олон оновчтой ажлуудыг хэрэгжүүлж байна. Түүний оновчтой бодлого, шийдвэрт ахиц дэвшил, нааштай өөрчлөлтүүд гарч байгаа.
Саяхан болж өнгөрсөн Иван Ярыгин, Яшар Догу, Роман Дмитриевийн олон улсын тэмцээнүүдэд чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид боломжийн амжилт үзүүллээ. Одоо ирэх дөрөвдүгээр сард болох олимпын эрхийн эхний тэмцээнд амжилттай оролцож, Парисын олимпын олон эрхийг хүртэх хэрэгтэй байна. Мэдээж МЧБХ-ны шинэ удирдлагуудын ажлын үр дүнгийн эхний том үнэлгээг “Парис 2024” олимпын наадам тавина. Монголчуудын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдаас 44 жил хүлээж буй олимпын наадмын медалийн хүлээлтийг дуусгаж, 44 жил тасарсан олимпын наадмын медалийн буухиаг үргэлжлүүлэх ёстой. Монголын чөлөөт бөхчүүд эрх мэдэлтэй, мэдэмхий хүмүүсийг аялдан дагах биш, эв нэгдэл, нэг нэгдмэл санаа зорилготой байх нь хамгийн чухал байгаа. Гавьяатууд минь гавьяа байгуулахгүй бол, гай тарих хэрэггүй. Монголын чөлөөт бөхөд хөгжлийн гэрэл гэгээ тусаад эхэлсэн байна. Чөлөөт бөхчүүдийн хийморь сэргэж, өнгөтэй байна шүү.