Хөвсгөлд мөсөн замын тээвэрлэлтийг хориглолоо
Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс Хөвсгөл нуур болон томоохон гол, мөрөн дээр мөсний зузаан хэмжилтийг хийхэд Хатгал тосгоны усан замаас Сомо хад, Ханх сум орчим, Агьтын амнаас Хороо голын цутгал хүртэл тодорхой цэгүүдэд хэмжилт хийхэд мөсний зузаан 45-65 см харилцан адилгүй зузаантай, мөсөн бүрхүүлийн гадаргуу дээр 3-8 см цасан бүрхүүлтэй байна.
Тус аймгийн хэмжээнд хүйтний улиралд Хөвсгөл нуур болон томоохон гол мөрөн, нуур дээгүүр мөсөн замын тээвэрлэлт хийсний улмаас усны ослоор 2017 онд 3, 2018 онд 2, 2019 онд 3 иргэн амиа алдаж, өнгөрсөн онд 5 сумын хэмжээнд 8 удаагийн ослоор 4 иргэн амиа алджээ.
Мэргэжлийн байгууллагын хэмжилтээр мөсөн бүрхүүлийн зузаан олон жилийн дунджаас бага, мөсний зузаан харилцан адилгүй зузаантай, зарим гол мөрөн харзалсан, нийт уртын дагуу мөсний өөр өөр үзэгдэлтэй байгаа тул холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчихыг хоригложээ.