Хөвсгөл аймаг гэмт хэргийн диваажин болжээ гэв

234

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы гаргасан тушаалаас болж иргэн Д.Бямбаа 25 жил эзэмшсэн өмчөө алдах болсон тухай мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Хөвсгөл аймагт "Гурил тэжээлийн үйлдвэр" нэртэй социализмын үеийн үйлдвэр байдаг. 1998 онд ТӨХ-ны шийдвэрээр төрийн 51 хувь нь хувьчлагдсан байдаг. Тухайн үедээ бизнес хийж байсан боломжтой учраас дийлэнх хувийг нь гэр бүлийн хүмүүсийн хамт худалдаж авч байсан юм. Газар тариалангын салбарын уналт болон бусад шалтгаанаас болж сүүлийн жилүүдэд тус үйлдвэр ажиллаагүй, зогсонги байдалтай байгаа. Гэтэл 2018 оны үед гэнэт нэг эзэнтэй, нэг үүсгэн байгуулагчтай болоод хувирчихсан гэдэг мэдээллийг авсан.
 
Тухайн үед Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга байсан н.Ганбат гэдэг хүн Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өөрийн хамаатны хүнийг оруулж ажиллуулж байгаад хувийн хэрэг дотроос нь дүрмийг нь солиод, бидний өмч гэж нотлож байсан бичиг баримтуудыг байхгүй болгож байгаад ганц хүний өмч болгоод сольчихсон.
 
Үүний дараа Газар тариаланг дэмжих сан болон Улаанбуудайн сантай гэрээ хийж 1 тэрбум гаруй төгрөгийн залилан хийсэн байдаг. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад тэр мөнгөө одоо болтол өгөөгүй. Дотор нь байсан өмч хөрөнгө, газрыг нь хүртэл зарчихсан. Ингээд энэ асуудлаар Хөвсгөл аймгийн эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргаад, цагдаагийн газраас 5 жил шахуу хугацаанд шалгаж байна. Шалгаж байгаа байцаагч нь байнга солигдчихдог.
 
Хөвсгөл аймаг үндсэндээ гэмт хэргийн ертөнцийн диваажин шахуу болжээ. Үүнийг ч төр засаг анхааралдаа аваад аймгийн Засаг даргыг ажлаас нь халаад хэдэн сар боллоо. Аймгийн прокурор нь ч солигдсон.
 
Одоо шүүх засаглал дээр том зөрчлүүд цухалзаад эхэллээ. УБЕГ-ын ажилтнууд дунд мэргэшсэн, сайн ажилтнууд байгаа. Бүгдийг нь харлуулахгүй. Манай тохиолдол дээр явагдсан бүртгэлүүдийг хууль зөрчиж бүртгэсэн гэдгээ улсын бүртгэгч нь өөрөө мэдүүлсэн. Ажлын хэсгийн ахлагч дарамт шахалт үзүүлсэн. Миний ажилд хөндлөнгөөс оролцсон учраас хүчинд автагдаж Монгол Улсын хуулиудыг зөрчсөн, бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар ч арга хэмжээ авахад бэлэн байна, миний хийсэн бүх бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гээд энэ олон жил үргэлжилсэн маргаанд цэг тавьж өгсөн. Ямар ч гэсэн эдгээр баримтыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өглөө. Хоёр хоногийн дараа Хөвсгөл аймагт болох шүүх хуралдааны явцыг харна. Гурил тэжээлийн үйлдвэр өөрөө 5 га орчим газартай.
А зэрэглэлийн ийм том газар дээр ашиг сонирхол яваад байгаад би залхаж байна. Өнөөдөр 65 настай. Хүүхдүүдтэйгээ ярилцаад бүх хувьцаагаа нийлүүлээд төрдөө бэлэглэчихэе. Тэр газар дээр хүүхэд залуучуудын цогцолбор барина уу, эсвэл Германы хөрөнгө оруулалтаар баригдахаар яригдаж байгаа амьтны хүрээлэн нь болно уу, ямартай ч Хөвсгөл аймгийн иргэдэд хэрэгтэй, аялал жуулчлалын тулгуур төвд хэрэг болж байвал ашиг хонжоо харахгүйгээр, энэ нутгийн унаган хүний хувьд  шийдвэр гаргасан. Бидэнд хяналтын багц байгаа учраас ийм шийдвэр гаргахын төлөө ажиллана." гэв.
 
М.Чой
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn