Урт хугацааны хөрөнгө оруулалт өндөр ургац авчирдаг

0


Зах зээлийн нийгэмд баялгийг хэрхэн бий болгох, өөрийн санхүүг яаж ухаалгаар удирдан зохицуулах талаар голч санаа өгсөн бүтээл бол “Эдийн засаг энгийнээр”. Баялаг, хөгжил дэвшлийн тухай хүн бүрийн мэдвэл зохих зүйлсийг эндээс та авч болно. Бүтээлийн автор болох Жоржиагийн их сургуулийн эрдэмтэн Флорида болон Монтана нар баялаг хуримтлуулах тухай энгийн хэдэн дүрмийг номондоо маш тодорхой өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, хувь хүн оновчтой хөрөнгө оруулалт хийхэд, илүү сайн сонголт хийхэд “Эдийн засаг энгийнээр” хэн бүхэнд хөтөч болно.

Хувийн санхүүгээ авч явах 13 түлхүүр элементийг энд тодорхойлсон бөгөөд үүний нэг нь үнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хөрөнгө оруулалт хийх тухай юм. Хөрөнгө оруулалтыг ганцхан сар, жилээр хэмжих боломжгүй. Боломжгүй гэхээсээ илүү тухайн хөрөнгө оруулалтын утга учир, үнэ цэн, өгөөж харагдахгүй гэвэл оновчтой. Харин эрсдэл, алдагдал, боломж алсрах үзэгдэл л богино хугацааны хөрөнгө оруулалтад улам тодорно гэж хашир хөрөнгө оруулагчид төдийгүй зах зээлийн шинжээчид үздэг. Хөрөнгө оруулалт гэдэг тэвчээргүй нэгнээс тэвчээртэйд нь боломжийг шилжүүлэн өгдөг процесс юм.

Ашиг олох, хөрөнгөө өсгөх зорилгоор бид банкны хадгаламж, компанийн бонд, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл гээд хөрөнгө оруулалтын олон хэлбэрээс сонголт хийдэг. Эдгээрээс инфляцид идэгдэхгүй, ханшийн нөлөөнд хамгийн бага өртөх тогтвортой хөрөнгө оруулалт бол хувьцаа. Хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн болох хувьцаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол урт хугацааны үр дүнгээр өгөөжийг тооцоолох учиртай гэж мэргэжлийн хөрөнгө оруулагчид зөвлөдөг. “Эдийн засаг энгийнээр” ч энэхүү санааг бататгадаг.

Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл шинэ тутам хөгжөөд 30 гаруй жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд дотоодын олон компани хэлбэрээ өөрчилж, олон нийтийн засаглалтай, нээлттэй хувьцаат компани болжээ. Тухайн үед зарим компанийн хувьцааг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харж чадсан (худалдан авсан) иргэд өнөөдөр хожсон. “Тавантолгой”, АПУ, “Говь”, “Сүү” тэргүүтэй компанийн хувьцаа эзэмшигчид хөрөнгийн зах зээлийн хамгийн үнэ цэнтэй, өгөөж өндөр бүтээгдэхүүнийг эзэмшиж буй. Тэд бол хувьцааны багцаа хамгийн тогтвортой, тууштай хадгалдаг хөрөнгө оруулагчид. Үүнийхээ үр шимийг ч тэр хэрээр өндрөөр хүртэж яваа билээ.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч, эдийн засагч Г.Батзориг урт хугацааны хөрөнгө оруулалтыг “шар тос”-той зүйрлэсэн байдаг. “Өрөм, зөөхий хайлуулснаар шар тос гаргаж авдаг. Шар тосыг тохируулж, зөв хэрэглэвэл хүний биед нэн тустай. Яг үүнтэй жишиж болох хөрөнгө оруулалт нь урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Хэдийгээр богино хугацаанд үр өгөөжөө өгөхгүй ч урт хугацаанд үнэ цэн нь нэмэгдэнэ. Жишээ нь, 2008 онд АПУ, “Сүү” ХК-ийн хувьцаа худалдаж авсан бол өнөөдөр шар тос болохоор байлаа. Тиймээс дотооддоо хувьцаа худалдаж авахаар бол та бид тухайн компанийн үнэ цэн, өсөх боломжийг нь 10, 20 жилээр харах хэрэгтэй. Мэдээж энэ чиглэлийн хөрөнгө оруулалт харж байгаа бол та бид тэвчээртэй, урт хугацаанд холыг харсан байх шаардлагатай” хэмээн “Хаана хөрөнгө оруулалт хийх вэ” нийтлэлдээ тэрбээр тодотгосон.

Урт хугацааны хөрөнгө оруулалтын үр дүнд оруулсан мөнгөө хэд дахин нугалж авсан хөрөнгө оруулагчид цөөнгүй. Тухайлбал, 1991 онд 6,750 төгрөгөөр авсан хувьцаа нь хожим 10 сая төгрөг болсон, “Монгол шуудан” компанийн нэгж хувьцааг 185 төгрөгөөр анх авч байсан бол өнөөдөр ханш нь 740 төгрөгт хүрсэн гээд хөрөнгөө өсгөсөн жишээ цөөнгүй. Өөрийн санхүүгийн ирээдүйд санаа тавьдаг хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулалт, хуримтлалын өгөөжийг илүүд үздэг. Тийм учраас хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч төдийгүй сайн хувьцааны эрэлд чих тавьдаг. Мөнгөний менежментээ зөв хийж чадвал оргүй хоосноос ойгүй баян болж болдог. Харин зөвхөн өнөөдөр, маргаашаа харж буруу менежмент хийвэл олсноо ч бүгдийг нь алдах эрсдэлтэй. Урт хугацааны хөрөнгө оруулалтыг онцлохын учир энэ. 

Манай улсын хөрөнгийн зах зээлийн хувьд яг одоо Монголын хамгийн том банк болох ХААН Банк IPO хийж, олон нийтэд нээлттэй банк болж байна. Монгол Улсын хамгийн олон харилцагчтай тус банк олон нийтэд хувьцаа эзэмших боломж олгож байгаа энэ чухал цаг үед урт хугацааны хөрөнгө оруулалтын ач холбогдлыг таниулахыг зорилоо.

Хувьцаа бол хамгийн өндөр өгөөж олох боломжтой хөрөнгө оруулалтын төрөл. Тийм ч учраас аваад зарах бус, хувьцаагаа хэдэн арван жилээр эзэмшиж, урт хугацаанд өгөөж хүртэх нь хөрөнгийн зах зээлийн давуу тал, онцлог юм. Товчхондоо, хувьцааг дунд болон урт хугацаанд эзэмших зорилгоор л авдаг. Энэ нь ч оновчтой хувилбар гэдгийг дахин нурших нь илүүц биз. Өөрийн жишээгээ хуваалцахад, 1000 төгрөгөөр худалдан авч байсан хувьцааны маань үнэлгээ зургаан жилийн дараа 10,000 давж байлаа. Зургаан сар бус, зургаан жилийн үр дүнд нэгж хувьцааны үнэлгээ арав дахин өсөж, оруулсан мөнгөө арав дахин өсгөж чадсан юм. Урт хугацааны хөрөнгө оруулалт өндөр ургац авчирдаг гэдгийг хөрөнгө оруулагч та энэ жишээнээс хялбар ойлгох болов уу. Хэрэв та зөв хөрөнгө оруулж чадсан бол энэ таны мэдлэгийг илтгэх, бахархаж болох бас нэгэн хэрэгсэл яах аргагүй мөн.

Америкчуудын хувьд Facebook, Micrisoft, Coca-Cola, Wallmart, Boeing, Apple компаниудын хувьцааг эзэмшинэ гэдэг өөрсдийнх нь бахархал. Бахархал байгаад зогсохгүй эзэн нь, хөрөнгө оруулагч нь гэдгээрээ тэд ногдол ашгаар дамжуулан жил бүр хөрөнгө оруулалтын өгөөж хүртдэг. Урт хугацааны хөрөнгө оруулалт л тэднийг энэ түвшинд авчирсан хэрэг. 

“Ухаалаг хөрөнгө оруулагч” номын зохиогч Бенжмамин Граэм энгийн хувьцааны хоёр давуу талыг дурдсан байдаг. Хувьцаа хөрөнгө оруулагчийг инфляциас хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулдаг гэдгийг тэрбээр давуу тал гэж үзсэн бол удаах нь олон жилийн дунджаар хувьцаа нь хөрөнгө оруулагчдад илүү өгөөж өгсөн байдаг гэдгийг онцолжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn