Хөвсгөл аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн захирлыг Шүүр ажиллагааны хүрээнд чөлөөлсөн ч эргүүлэн томилжээ
Засгийн газар ковидын үед сонгон шалгаруулалтгүйгээр шууд болон хууль зөрчин томилогдсон мөн иргэдийг чирэгдүүлж байгаа 6 мянга гаруй албан тушаалтныг төрийн албанаас халах шүүр ажиллагааг эхлүүлээд байгаа. Гэвч засгийн газрын энэ тогтоол зарим аймаг суманд огт хэрэгжихгүй байгааг иргэд мэдээлж байна. Иймд зарим сумдын засаг дарга нар шүүр ажиллагаанд хэрхэн хүндрэл учруулж байгаа талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Угтаа үндсэн хууль болоод бусад холбогдох хуулиудад заасанчлан УИХ, засгийн газраас гаргаж байгаа аливаа нэг шийдвэрийг аймаг нийслэл, сум дүүргийн удирдлагууд шууд даган биелүүлэх учиртай. Гэтэл 2020 оны сонгуулийн үр дүнд ардчилсан нам засаглах болсон Хөвсгөл аймагт засгийн газрын тогтоол огт хэрэгжихгүй байгааг иргэд хэлж буй. Засгийн газраас эхлүүлсэн шүүр ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн хэмжээнд төрийн албанаас чөлөөлөгдөх 200 орчим албан тушаалтан бий.
Гэвч аймаг сумдын удирдлагууд албан тушаалтнуудыг чөлөөлөх нь бүү хэл эргүүлэн томилж төрийн албаны хуулийг ноцтойгоор зөрчих болжээ. Үүний нэг жишээ нь Эрдэнэбулган сум. Тус сумын сургуулийн захирлаар н.Ариунсан гэгчийг Эрдэнэбулган сумын засаг дарга н.Эрдэнэ-Наран 2022 оны есдүгээр сард хууль бусаар томилсныг төрийн албаны зөвлөлөөс тогтоон ажлаас нь чөлөөлж, тухайн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлах албан бичгийг хүргүүлсэн байна. Гэвч сумын засаг дарга н.Эрдэнэнаран чөлөөлсөн гэх албан бичгийг төрийн албаны зөвлөл рүү шидчихээд хууль зөрчин н.Ариунсан гэгчийг ажилуулсаар байгаа гэнэ.
Мөн төрийн албаны зөвлөлөөс Эрдэнэбулган сумын сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах захиалгаа ирүүл гэдэг албан бичгийг удаа дараа хүргүүлсэн. Гэвч сумын засаг дарга н.Эрдэнэнаран нь хууль бусаар томилогдсон захирлыг өнөөдрийг хүртэл ажлуулсаар байгаа юм. Төрийн албаны хуулинд тухайн албан тушаалтныг томилсон буруутай этгээдээр төрд учирсан хохирол буюу цалинг нөхөн төлүүлэхээр заасан байдаг. Тэгвэл Эрдэнэбулган сумын сургуулийн захирлыг хууль бус ажиллуулсан хугацаанд олгосон цалинтай дүйцэх мөнгийг сумын засаг дарга Эрдэнэнарангийн хувийн зүгээс нөхөн олгуулах учиртай юм. Энэ мэтээр сум орон нутагт намын харьяалал гаргаж хууль зөрчдөг асуудал хавтгайрсныг холбогдох байгууллагууд анхааралдаа авахыг иргэд хүсэж байна.
https://ubn.mn/p/42883