Монголын цаатнуудын ондоошил духа хэл устахад хүрэх вий

141

Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт орших цаа маллан аж төрдөг сүүлчийн нүүдэлчид бол Монголын цаатнууд юм. Цаатнууд нь казахуудын адил Түрэг угсаатай. Тухайн ард түмний  өв уламжлал нь Монголын соёлын бас нэгэн өвөрмөц, содон шигтгээ гэж хэлж болно. Тэгвэл Монгол соёлын нэгээхэн хэсгийг тээж яваа энэ үндэстний эх хэл болох духа хэл өдгөө устах аюулд хүрээд байна. Учир нь тус хэлээр ярьдаг цаатнууд өдрөөс өдөрт багассаар байгаа юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаад “Асуудал –Шийдэл: Өв соёл” буландаа эх хэлний дархлааг хэрхэн авч үлдэх тухай сэдвийг хөндөхөөр зорилоо.
 
77 жилийн дараа дэлхийн долоон мянга гаруй хэлний тал нь устана 
CNN агентлаг анх 2016 онд дэлхийг хамарсан “Ховордсон хэл” төслийг хүргэсэн юм. Энэхүү төслийн нэгээхэн хэсэг нь Монгол Улсад устаж, үгүй болох аюулд орсон духа хэлний тухай онцолсон нь дэлхий дахины анхаарлыг татаж байв. Тухайн үед духа хэлээр 500 орчим буюу хамгийн бага хүн ярьдаг болохыг тогтоосон байна.
 
CNN агентлаг духа хэл мөхлийн ирмэгт ирснийг онцолсныг “Ийгл Ньюс” телевиз "CNN онцолж байна" нэвтрүүлгээрээ сурвалжлан, цаатан түмний аж байдлын тухай газар дээрээс нь хүргэсэн билээ.
 
Тус нэвтрүүлгийн дараа хэл, соёл гэдэг тухайн үндэстний хамгийн үнэт зүйл, үүнийг хамгаалах нь чухал  тухай олон хүн бичиж, сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Мөн 77 жилийн дараа буюу 2100 он гэхэд дэлхийн долоон мянга гаруй хэлний тал нь устана гэсэн судалгааг дэлхийн эрдэмтэд гаргажээ. "Ийгл Ньюс" телевизийн хийсэн энэхүү нэвтрүүлэгт оролцсон н.Төмөрсүх “Би энэ газар төрснөөрөө бахархаж явдаг. Аав минь намайг бага байхад ой руу дагуулж явдаг байсан нь хожим нутгийнхаа тухай 10 хуруу шигээ мэдэж, энэ газрыг хайрлан хамгаалах сэтгэл бий болгосон юм. 
Улаанбаатар хот руу сурахаар явахдаа заавал буцаж ирнэ гэж бодож байлаа. Харамсалтай нь хүсэл мөрөөдлөө ойлгож ухаарахад даан ч олон жилийг зарцуулсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг.
 
Үнэхээр Хөвсгөлийн тайгад цаа бугаа маллаж, нүүдлийн зарчмаар амьдардаг цаатнууд дэлхийн сонирхлыг татах том сэдэв. Тиймээс ч жил бүр олон зуун жуулчин болоод нэвтрүүлгийн багийнхан ар хөвчийг зорьдог билээ.
 
Одоогоор 100 гаруй цаатан духа хэлээрээ ярьж байна 
Манай улсын хүн амын 80-86 хувийг халх үндэстэн эзэлдэг ажээ. Харин 16-20 хувийг эзэлж буй үндэсний цөөнхийн асуудалд бид чухал ач холбогдол өгөх учиртай. Ядангуяа эдгээр үндэстэнг илтгэх хамгийн том соёл болох хэлнийх нь  тухайд. Учир нь өдгөө тайгад амтьдарч буй нийт цаатнуудын дунд 100 гаруй хүн л духа хэлээрээ ярьж байгаа юм. Жил өнгөрөх тусам энэхүү хэл нь мартагдаж байгаа нь харамсалтай.
 
Хэл соёл гэдэг тухайн ард түмний хамгийн том үнэт зүйл. Тиймээс духа хэлийг авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн Б.Өнөрбат “Манай сумын хамгийн том бахархал нь цаатангууд шүү дээ. Гэхдээ эдгээр иргэд жилээс жилд цөөрч, хүүхэд залуус нь хот болоод төв бараадах болсон.
 
Миний хувьд хааяа наймаа хийдэг юм. Энэ ажлынхаа хүрээнд цаатнуудтай ойр дотно болсон. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэрэгтэй барааг нь зөөхөөс гадна гадны жуулчдыг аваачих болсон. Харин энэ үндэстний унаган хэл болох духа хэл нь мартагдаж байгаа нь үнэн. Одоогоор үлдсэн хэдэн настай хөгшид л духа хэлээ хэрэглэдэг” гэсэн юм. Цаатнуудын амьдрал амьдрал үнэхээр ер бусын. Дэлхий дээр цаа буга хөлөглөн амьдардаг цорын ганц угсаатан бол тэд билээ. Одоогоор ердөө 44 гаруй өрх л амьдралын энэ өвөрмөц хэв маяг, уламжлалаа хадгалан үлджээ. Тэдний аж амьдрал бүхэлдээ нэг л зүйлээс хамааралтай. Тэр бол цаатангуудын малладаг цаа буга. Тэд сүүгээр нь цай сүлэхээс эхлээд цаа бугаа амьдралынхаа бүхий л хэрэгцээнд ашигладаг. Ганцхан махыг нь л тэр бүр хэрэглээд байдаггүй ажээ. Мөн цаа бугаараа нүүдэллэж, ирсэн жуулчдад унуулах мэтээр амьжиргаагаа залгуулж байгаа юм.
 
Духа хэл нь ч дуудлагын хувьд их содон 
Монголчуудын үнэт өв болсон үндэсний цөөнх буюу цаатан, казах, тува зэрэг үндэстний хэл соёлын дархлааг авч үлдэх хамгийн том хөшүүрэг нь боловсролын салбар юм. Гэвч  цаачдын хүүхдүүд тухайн сум, орон нутгийнхаа сургуульд суралцдаг хэдий ч хүүхдүүдээ бичиг үсэгтэй болохоор нь сургуулиас гаргаж цаатангийн амьдралаа өвлүүлэх нь элбэг. Мөн тайгад амьдардаг болохоор хол газар явахаасаа бэрхшээх тохиолдол ч байдаг  ажээ.
 
 
Энэ тухай хэл судлалын доктор Б.Пүрэвдаш “Би сүүлийн 10 жил АНУ-д амьдрсан. Тэнд байх хугацаандаа ч судалгааны ажлаа орхиогүй. Харь орныг зорихоосоо өмнө хэл судлалаар хэд, хэдэн бүтээл хэвлүүлж байсан юм. Түүн дотор Тува болон өнөөдөр өөрийн тань ярьж буй духа хэлний тухай жижиг бүлэг бий.
 
 
Хэдийгээр энэ сэдвийг үргэлжлүүлэх бодол байсан ч баттай эх сурвалж, баримт тун ховор юм билээ. Монгол Улсын хэмжээнд яаралтай хадгалж, авч үлдэх 16 өв бий. Гэтэл түүн дотор үндэсний цөөнхийн хэлний тухай багтаагүй байдаг нь харамсалтай. Тиймээс эдгээр хэл соёлыг ЮНЕСКО-д  бүртгүүлэх нь тун чухал. Цаатангууд бол амьдралын сонирхолтой хэв маягтай. Духа хэл нь ч дуудлагын хувьд их содон байдаг. Би анх 13 жилийн өмнө цаатангуудын амьдралтай танилцаж, тэдний тухай судалж байсан. Тэр үед 200 гаруй хүн энэ хэлээрээ ярьдаг гэсэн мэдээллийг надад өгч байсан. Харин жил өнгөрөх тусам энэ тоо багасч байгаа нь духа хэл мартагдах аюулд өртсөнийг баталж байна. Мөн манай судлаачид энэ хэлийг судалж, нөхцөл байдлыг нь үнэн зөвөөр мэдээлж, олон улсын сонорт хүргээсэй гэж боддог” гэсэн юм.
 
Цаатны амьдралыг сонирхох гэж олон жуулчин Хөвсгөлийн тайгыг зорьдог 
Цаатнуулын амьдралын эх үүсвэр нь цааны аж ахуй, ан гөрөө, байгалийн баялаг юм. Тиймээс цаа бугын тоо толгойг өсгөж, тэдний амьдралын түвшин, нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах" хөтөлбөрийг 2010 онд анх  хэрэгжүүлж байжээ. Ингэснээр цаачдын амьдралд эерэг үзэгдэл гарч байсан байна. Тухайлбал, цаа бугын сүргийг сэлбэх үүднээс Тува улсаас 20-иод цаа оруулж ирж байв. Түүнчлэн урцыг нь брензэнтэн материалаар дулаалж, өрхүүдэд нарны зайн үүсгүүр өгч байсан удаа бий. 
Мөн цаатан өрхийн их, дээд сургуульд сурч буй оюутны сургалтын төлбөрийг төрөөс даасан зэргээр цаатнуудын аж амьдралд тодорхой дэвшлийг авчирсан олон ажлыг зохион байгуулж байсан ч  духа хэлийг авч үлдэх, өвлөн уламжлуулах тухай нэг ч ажил хийгдэж байсангүй.
 
Тиймээс энэ хэл устах аюулд хүрч, Монголын цаатнуудын ондоошлыг харуулах хамгийн том соёл, өв үгүй болох гээд байна. Цаатангуудтай хамгийн ойр хүмүүс нь аялал жуулчлалын компаниуд болон хөтөч, тайлбарлагч нар юм. Учир нь зөвхөн цаатны амьдралыг сонирхох гэж олон жуулчин Хөвсгөлийн тайгыг зорьдог тухай дээр дурдсан. Тэгвэл “Аян трэйвел” компанийн захирал, гэрэл зурагчин Ч.Батзаяа ажлын шугамаар цаатнуудтай ойр дотно нөхөрлөсөөр иржээ. Тэрбээр энэхүү ард түмний амьдралын онцлог, өв соёлыг харуулсан “Цаатан” номоо хэвлүүлсэн юм.
 
Номонд орсон гэрэл зургууд нь дэлхийн алдартай хэвлэлүүдэд ч нийтлэгдэж байв. Ч.Батзаяа “Цаатангуудын аж амьдралыг жуулчид их сонирхдог. Энэ утгаараа дэлхийд Монголыг сурталчилах нэг том брэнд гэж хэлж болно. Харин тэдний үндсэн хэл болох духа хэл нь цагийн аясаар мартагдаж байна. Одоо энэ хэлээрээ ярьдаг хүн их цөөхөн үлдсэн.
 
Харин өнгөрсөн жилээс Цагааннуур сумын сургуульд духа хэл заах болсон тухай сураг дуулсан. Үнэхээр энэ хичээл үр өгөөжөө өгч, цаатан хүүхдүүд эх хэлээ сурч эхэлбэл их сайн” хэмээн онцолсон юм. ийнхүү бид энэ удаагийн дугаартаа Монголын цаатангуудын үндсэн хэл болох духа хэл яг ямар нөхцөл байдалд байгаа тухай тоймлон хүргэлээ. Харин дараагийн дугаартаа илүү албаны эх сурвалжуудтай холбогдож, мартагдаж буй хэл соёлыг авч үлдэхийн тулд  тухайд ямар арга хэмжээ, бодлого баримлталж буй тухай дэлгэрэнгүй хүргэх болно. 
 
 
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГАЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn