Аврагчид он гарсаар 17 хүний амийг аварчээ
Хөвсгөл аймагт он гарсаар усны холбогдолтой 3 удаагийн осол гарч, 2 хүний амь эрсэдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид он гарсаар усны холбогдолтой дуудлагын дагуу очиж 17 хүний амь, 87 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бямбасүрэн мэдээллээ.
Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан гол мөрнүүдийн мөсний нягт багасч хэврэгшин, битүү мөсөн бүрхүүл задарч байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБГ-аас анхааруулж байна.