Харгис алуурчны гарт ээжийгээ алдсан дөрвөн хүүхдэд туслаач, Хөвсгөлийн гишүүдээ
...Уйлмаар байна. Алдрайхан хонгор үрс томчуудын хэрүүл зодоон, алаан хядаан, цус нөжийг үзэж, айдсаас айдсын хооронд хэн нэгнээс аврал ирсээр цурхиран уйлалдаж, гансарч дууслаа. Бүр хоёул, гурвуулаа төрсөн эцгийнхээ гарт нэгэн зэрэг бүлтгэнэлдэн амиа алдаж байсан онц ноцтой хэргийг уншигч та санаж байгаа болов уу. Үнэхээр ой тойнд багтамгүй, аймшигтай, даанч хайран байгаа биз. Уг нь эцэг, эхчүүд хүүхдээ хараалын үгээр загнаж, гар хүрэх нь битгий хэл тэдний хажууд хэрэлдэж, муудалцахгүй байж, үлгэр жишээ болох тусгай үүрэгтэй биз дээ. Гэтэл бүр төрсөн үрээ танигдахгүй болтол нь зодсон, заазуурдсан, нууц амрагийнхаа хүүхдийг захиалгаар хөнөөсөн, нөхрийнхөө дагавар хүүхдийг тарчлааж алсан гээд жигшмээр хэрэг ар араасаа алгасахгүй гарч байна. Тэр байтугай хэдхэн сартай охин үрээ хүчиндчихдэг жигшмээр, болчимгүй хэрэг ч тоймгүй бий. Хариуцлагагүй, хайнга, хэнэггүй, харгис балмад эцэг эхчүүдээс болж хорвоогоос хэтэрхий эрт буцсан бяцхан үрсийг тоолоод баршгүй.
Зарим нь юугаа ч мэдэхгүй хар нялхаараа орох орон, ойчих аягагүй, “наашаа” гээд бөөцийлчих хүнгүй болтлоо өнчирч байна. Хамгийн сүүлд гарсан аймшигтай гэмт хэрэгт олон хүний сэтгэл өвдөж, шаналж, яаж туслахаа мэдэхгүй толгой гудайж яваа. Тухайлбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 28-нд 31 настай эрэгтэй хамтран амьдрагчаа найзтай нь хамт 5-7 настай хоёр хүүхдийнх нь дэргэд онц хэрцгийгээр хөнөөж, хоёр айлын дөрвөн хүүхдийг өнчрүүлсэн аймшигтай хэрэг гарсан. Хэргийн газар хуулийн байгууллагынхан ирсэн даруйдаа хүүхдүүдийг түр хамгаалах байранд тусгаарлаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн гэдэг.
Харин талийгаачийн аав, ээжийн сэтгэл санаа таагүй, юу хийхээ мэдэхгүй байгаа ч дэмий л “Амьдралын боломжтой, мөнгөтэй байсан бол, охиноо дэргэдээ байлгасан бол” хэмээн хожимдсондоо харуусаж, охиноо амьд байж болох байсан өчнөөн хувилбар бодож, өөрсдийгөө, заримдаа харгис “алуурчныг” буруутгасаар нулимсаа барж суугаа. Шуудхан хэлэхэд, тэднийх охиныхоо буяны ажлыг ч хийх мөнгөгүй, өөрсдийнхөө амийг яая гэж амьдардаг юм билээ. Айлын хашаанд нэг гэрт 11-үүлээ багтаж шингэхгүй, бужигналддаг. Тэгсэн хэрнээ нэг нь ч ажил хийдэггүй зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгөөрөө л өнөө маргаашаа залгуулдаг айл. Тэгэхээр талийгаачийн хоёр хүү тэднийд багтахгүй, хоол нь хүрэлцэхгүй бусдадаа “Хоолны нэмэр” гээд ад үзэгдэж, гудамжинд гарах магадлалтай борог амьдрал дунд юу ч хэлж чадахгүй, нуугдаж уйлчихаад л сууж байгаадаа гэж бодохоор зүрх зүсэгдэнэ. Мөн харгис алуурчнаас найзыгаа өмөөрч, хамгаалах гэж байгаад амиа алдсан Ц-ийн хоёр хүүхэд ч хэцүүхэн амьдралтай нүүр тулж, амьдралын хатуу, бараан хоёрыг туулахаас өөр аргагүй болсон.
Тэр дөрвөн балчир эцэг, эхийн хайрыг дахин хэзээ ч мэдрэхгүй, тэднийг хэчнээн хайрласан ч ээжийнх нь хайрыг, ээжийнх нь үнсэлтийг, ээжийнх нь сэтгэлийг гүйцээж, нөхөж чадахгүй гээд бод л доо. Тэднийг ээжийнх нь хайраар хайрлаж чадахгүй болохоор хамгийн түрүүнд халуун дулаан сэтгэлийн тусламж, дэмжлэг хэрэгтэй байна. Ээжийгээ харгис, балмад этгээдийн гарт алдсан дөрвөн хүүхдэд жижигхэн зүрхээ том болтол амьдрах орон гэр хамгаас чухал байна, Хөвсгөл аймгаас сонгогдсон эрхэм гишүүдээ, эмэгтэйчүүдээ, ээжүүдээ.
Бид энэ удаад юу ч болоогүй юм шиг чимээгүй, гүрийгээд өнгөрч үнэхээр чадсангүй. Архи ууж агсамнахдаа, уурласан үедээ эхнэр, хүүхдээ зодож, бүр аминд нь хүрдэг дээрх аймшигтай хэргүүд үүгээр дуусаасай билээ...
https://ergelt.mn/news/44/single/19731