“Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ

370

Хөвсгөл аймгийн хаягтай Б.Эрдэнэбаатар нь “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийг 2009 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулжээ. Энэ компани барилгын засвар хийх, хүнсний ногоо, үрслэг тариалалт, хөдөө аж ахуйн түүхий эд, малын бөөний худалдаа, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулахад үйлчлэх, барилгыг дуусгах шатны ажил зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй юм байна.
 
Энэ компанийг онцлохын учир бий. Арваад жил чимээ анир багатайхан оршин тогтнож ирсэн “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа нь огцом сэргэж, тендерүүдийг сэжигтэй байдлаар авч, захирал Б.Эрдэнэбаатар, түүний ойр дотныхон мөнгийг тэрбум тэрбумаар нь хоорондоо “гүйлгэх” болжээ.
 
Тухайлбал, тус компани 2020 оны  тавдугаар сарын 6-ны өдөр ЭМЯ-наас зарласан 250 сая төгрөгийн өртөгтэй Эмнэлгийн барилгын ажлын тендерт ялсан байна. Яг тэр өдрөө БСШУЯ-наас зарласан 850 сая төгрөгийн өртөг бүхий Сургуулийн дотуур байрын барилгын тендерт ялсан байгаа юм. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 18.8 сая төгрөг авчээ. Хамгийн гол нь эдгээр тендерт “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК шалгарах боломжгүй байсан бөгөөд хууль бусаар ялсан байж болзошгүй нөхцөл үүсээд байна.
 
Үүнээс гадна маш ноцтой асуудал хууль хяналтынхны анхаарлыг татаад эхэлсэн байна. “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар, түүний эхнэр Ж.Чулуунцэцэг нар нь эх үүсвэр нь тодорхойгүй онц их хэмжээний мөнгийг өөр хоорондоо, хувийн дансаараа гүйлгэжээ. Тодруулбал, Б.Эрдэнэбаатарын дансаар 2019 онд 3.9 тэрбум төгрөг, 2020 онд 4.8 тэрбум төгрөг, 2021 онд 6.8 тэрбум төгрөг, эхнэр Ж.Чулуунцэцэгийнх нь дансаар 2019 онд 6.3 тэрбум төгрөг, 2020 онд 4.3 тэрбум төгрөг, 2021 онд 4.5 тэрбум төгрөг “гүйсэн” байна.
Тэд уг гүйлгээнийхээ утгыг голдуу ноос ноолуур, арьс шир, махны үнэ гэж явуулдаг байгаа юм. Энэ мөнгө нийлээд 30.6 тэрбум төгрөг болж байна. Хамгийн гол нь энэхүү 30.6 тэрбум төгрөгийн эх сурвалж нь тодорхой бус байгаа аж.
Үүнээс гадна Б.Эрдэнэбаатарын нагац дүү Б.Болормаагийн “Бумбын шовх” ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгө ч дээрх гүйлгээнүүдийн нэг адил сэжигтэйд тооцогдсон байна. Тиймээс “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК, түүний захирал Б.Эрдэнэбаатарт хэн гэдэг улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээд тусалж тендерүүд болоод эх үүсвэр нь тодорхойгүй 30 гаруй тэрбум төгрөгийг гаргаж өгсөн бэ гэдэг нь Монгол Улсын хууль, хяналтын байгууллагуудаар тун нухацтай шалгагдах бололтой.
 
Б.Дамдин 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn