Уруйн үерт 12 настай охин урсаж энджээ
Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэдэг газарт үерийн усанд хүүхэд урсаж амиа алдсан харамсалтай явдал болжээ. Энэ сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж, 18 мм тундас буусны улмаас уруйн үер буужээ. Үерийн усанд хүүхэд урссан тухай дуудлага онцгой байдлын газарт мөн өдрийн 18:30 цагт ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 28-ны өдрийн 11:45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат 12 настай охин У-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д “Дэлгэр” мөрний эрэг дээр 4 хүн зугаалж байснаас 1 хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлага энэ сарын 23-ны өдрийн 17:29 цагт ирж, тус аймгийн онцгойгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь тус сумын харьяат 28 настай залуу Д-ыг эрэн хайх ажиллагааг 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл зохион байгуулжээ. Харин өчигдөр өглөө ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Дорнод аймгийн онцгой байдлын газарт өчигдөр өглөө Хэрлэн сумын 6 дугаар баг дахь “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд “Хэрлэн” голын усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ. Онцгойгийн алба хаагчид голоос Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат 52 настай эмэгтэй С-ийн цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн тус аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Арлын-Ухаа” гэдэг газар 8 хүн зугаалж явснаас 1 хүн “Улз” голын усанд живсэн тухай мэдээллийг өчигдөр /2021.07.28/ 09:20 цагт хүлээн авч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар мөн өдрийн 10:35 цагт тус сумын харьяат 32 настай эмэгтэй Ч-ийн цогцсыг осолдсон газраас урд зүгт 1 км-т “Улз” голын усны мандалд хөвж байсныг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай Чулуунхороот сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Иймд ард иргэд гол, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.