Төв банк төгрөгийн ханшаа манаж чадсангүй

354
Төв банкны ерөнхийлөгчийг өөрчлөх бүрийд валютын ханш савлаж, төгрөгийн үнэ цэн унав
Төрийн мөнгөний бодлогыг тодор­хойлох төв банк эрх баригчдын талд үйлчилсээр энэ дөрвөн жилийг барж байна. Засгийн газрын яам, хэрэгжүүлэгч агентлаг аятай л байв. Мөнгөний бодлогын хараат бус байдал сүүлийн дөрвөн жилд хамгийн их зөрчигдөж, хариу үр дүнд нь төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр навс уналаа. Түүхэнд байгаагүй эдийн засгийн уналтын эзэд нь өнөөдрийн эрх баригчид болж байна. 65-уулаа эрх мэдлийн хойморт заларсан ч тэд мөнгөний бодлогоор улстөржиж ханасангүй. Төв банкны ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа өөрчилж, бодлогын хүүг захиргааны аргаар хэдэн ч удаа бууруулж, өсгөв. Дүрмээрээ биш дураараа байлаа, эрх баригчид. УИХ-­аас мандаттай төв банкны ерөнхийлөгчийг зургаан жилээр томилдог хууль эрх зүйн зохицуулалттай. Үүнийг зургаа биш гэхэд дөрвөн жилийн хугацаанд баримталж чадсангүй. Жижиг ашиг сонирхлоо мөнгөний бодлогын эхэнд авчирлаа. Баталсан хуулиа эрх баригчид өөрсдөө огоорч, төв банкны ерөнхийлөгчийг өөрчлөх бүрийд валютын ханш савлаж, төгрөгийн үнэ цэн унав. Ам.доллар 2810 төгрөгтэй тэнцэж байна. Тасралтгүй өссөөр байгаа нь энэ. Ажиглах, анхаарахаас хэтрэхгүй төв банк төгрөгийн ханшийн уналтыг хязгаарлах бус жолоо цулбуурыг нь тавиад туучихлаа. Үүнийг дээрх ханшийн үзүүлэлт гэрчилнэ. Мөнгөний бодлого улстөржиж болдоггүй. Харамсалтай нь үүнийг эрх баригчид уландаа гишгэлээ. Гишгээд өнгөрөх бус дэвслээд хаячихлаа. Төв банкны хараат бус байдлаас төгрөгийн ханш шалтгаалж ирсэн. Гэтэл Засгийн газраас шууд хараат болсон нь муу жишиг тогтоов. Ийм байж болох юм байна гэсэн зуршил, дадал, гажуудлыг эрх баригчид үлдээлээ. Төгрөгийн баталгаа байх учиртай төв банк өнөөдөр “тоглоом”-­ын төв банк болжээ. Ерөнхий сайдын хэлснээр бодлогын хүүг өөрчилж, УИХ-ын дарга санал болгосон төдийд Ерөнхийлөгч нь огцорч байх жишээтэй. УИХ 76 гишүүнтэй. Тэд батламжилсан атлаа үг дуугүй хүсэлтийг нь албажуулж, эдийн засагт тогтворгүй байдлыг хангалттай үүсгэлээ.Ам.долларын ханшаа авч үзье. 2016 оноос хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 860 гаруй төгрөгөөр ам.долларын ханш өсжээ. Ам.долларын ханш өсөх бүрийд эдийн засгийн эмзэг байдал гаарч, иргэдийн амьжиргаа доройтож байна. Товчхондоо бол төв банк төгрөгийн ханшаа манаж чадсангүй. Банк давамгайлсан санхүүгийн зах зээлд төв банк шинэчлэл хийж барсангүй. “Капитал” банк дампуурч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдлөө. МАН төрийн мэдэлд гарсан жилүүдэд банк олноор дампуурч, түүний үр дагавар олон жил үргэлжилж байсан удаатай. Төв банкны мөнгөний бодлогыг сайд дарга нар нь өрхийн төсөв шигээ санахаар эсвэл өөрийн Засгийн газрын яам, агентлаг мэт бодохоор Монголд төв банк байхын хэрэггүй мэт. Байгааг нь баллачих гээд байдаг улстөрчид төрийн жолоо атгахаар мөнгөний бодлогын хараат бус байдал мөрөөдөл төдий болдгийг өнгөрсөн дөрвөн жилд бид хангалттай харлаа.  

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn