БНХАУ 100 сая хүнээ вакцинжуулж, "вакцины паспорт" нэвтрүүлжээ

391
Дэлхий дахиныг хамарсан коронавирусийн халдвар анхлан бүртгэгдсэн Хятад улс вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаагийн дээр вакцины паспортыг ч олгож эхэлжээ. Гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хятад даяар 102 сая гаруй тун вакцин тарьжээ. Энэ талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. БНХАУ гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өдөр бүр вакцинжуулалтын тоон мэдээллийг албан ёсоор нийтэлдэг болсноос хойш тус улсад урьдчилан сэргийлэх вакцин тарьсан тоо өдөрт л 3 саяар нэмэгдэж байгаа талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 
 
Хятадын "вакцины паспорт" 
Гуравдугаар сарын эхээр Хятад улс олон улсад аялахад зориулсан эмнэлгийн гэрчилгээ буюу "вакцины паспорт" нэвтрүүлж байгаагаа зарласан юм. Ингэснээр олон улсын зорчих хөдөлгөөн сэргэж, аялал жуулчлалыг хөл дээр нь босгох боломжтой гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгдэж байлаа. 
 
Ийнхүү вакцины паспорт нэвтрүүлсэн ч үүнийг тойрсон шүүмжлэлийн давалгаа тасрахгүй байна. Нэгдүгээрт, вакцинжуулалтын гэрчилгээг гагцхүү БНХАУ-ын иргэд авч болно, хоёрдугаарт хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа юм. Гуравдугаарт, энэ улсад урьдын адил дэлхийн хамгийн хатуу хөл хорионы арга хэмжээ үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Хятад руу нэвтэрвэл дор хаяж 21 хоног тусгаарлагдах ёстой. Үүнд вакцины паспорттой байх эсэх нь үл хамаарна. 
 
"Гадны хүн орохыг хориглоно"
Эмнэлгийн гэрчилгээ нэвтрүүлэх болсон талаарх мэдээлэл гуравдугаар сарын наймны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны консулын хэлтсийн сайт дээр нийтлэгдсэн юм. Энд тухайн баримт бичгийг хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулжээ. Вакцины паспорт авахын тулд Хятадын Вичат мессенжерийг ашиглан яамны цахим хуудас дээр байршуулсан QR кодыг уншуулж, гарч ирсэн цонхонд нэр, утасны дугаар, иргэний үнэмлэхний мэдээллээ оруулна. 
 
Эхний ээлжинд гадаадын иргэд ийм гэрчилгээ авах боломжгүй. Код уншуулаад гарч ирэх цонхонд гагцхүү Хятадын иргэний үнэмлэхийг л хүлээж авна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн гэрчилгээг 1.4 тэрбум хүнээ олон улсад зорчиход нь хялбар байлгах гэж л "өөрсдийнхөө" хүмүүст л зориулан боловсруулжээ. 
 
Гэрчилгээнд PCR тестийн хариу, коронавирусийг эсэргүүцэх IgG эсрэг биет илрүүлэх тестийн хариу болон тухайн иргэн вакцинжуулалтад хамрагдсан талаарх мэдээллийг багтаах гэнэ. Энэ мэдээлэл бүр тухайн хэрэглэгч бүрт тусгайлан QR кодоор нууцлагдсан байх аж. Цахим хувилбараас гадна гэрчилгээг цаасан хувилбараар ч авч болох юм. 
 
Ши Жинпиний код 
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Их хорийн цахим дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпин коронавирусийн PCR шинжилгээний хариуг агуулсан "эрүүл мэндийн код"-ыг хүлээн зөвшөөрөх олон улсын механизмыг бий болгох санаачилга гаргаж байлаа. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн өгүүлснээр олон улсад зорчиход зориулсан эмнэлгийн гэрчилгээ нь чухамхүү дээр дурдсан Ши Жинпиний концепцийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гэнэ. Гэхдээ гэрчилгээнд шинжилгээний хариунаас гадна вакцинжуулалтын талаарх мэдээлэл ч тусгагдах юм.

"Гэрчилгээний гол зорилго нь хүмүүсийн аюулгүй, эмх журамтай урсгалыг хангах явдал юм. Ойрын ирээдүйд, аль болох их орон эмнэлгийн гэрчилгээг БНХАУ-тай харилцан хүлээн зөвшөөрөх талаар тохиролцвол энэхүү гэрчилгээ нь хүмүүсийн эрүүл, аюулгүй, эмх журамтайгаар хил дамжин зорчих урсгалд дэмжлэг үзүүлнэ" хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн юм. 
 
Гэвч одоогоор бусад улс орнууд вакцины паспортын тал дээр зөвхөн цаасан дээр л ярилцаж, ойрын үед олон улс өөр хоорондоо гэрчилгээг хүлээн зөвшөөрөх эсэх нь хараахан тодорхойгүй байна. Түүнчлэн зөвхөн БНХАУ-ын иргэдийг л гадагш зорчих хөдөлгөөнийг хялбаршуулахад зориулж гэрчилгээ гаргаж байгаа юм.  Мөн шинжилгээний дүн болон вакцинжуулалтын мэдээллийг харилцан хүлээн зөвшөөрөхийн тулд Хятад улс өөрөө ямар алхам, буулт хийх нь хараахан тодорхойгүй байна. Энэ улсад хорио цээрийн дэглэм туйлын хатуу хэвээр байгаа юм.
 
Гэсэн ч гуравдугаар сарын 15-ны өдрөөс зарим орны иргэдийг Хятад руу нэвтрэх, тэр дундаа БНХАУ-ын тусгай захиргааны бүс болох Хонконгоор дамжин эх газрын Хятад руу ирэх гадаадын иргэдийг хүлээж авах журмаа сулласан гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн. Түүнчлэн өөр хэдэн арван улсад Хятадын виз авах журмыг хөнгөвчлөхөөр болсон байна. Тодруулбал, Хятад руу "хөдөлмөрийн үйл ажиллагаа болон төрөл бүрийн салбар дахь үйлдвэрлэлээ сэргээх"-ээр явах хүмүүс, "хүмүүнлэгийн зорилгоор" БНХАУ-д ирдэг мөн гэр бүлтэйгээ нэгдэх зорилгоор ирэх хүмүүсийг хүлээн авахаар болжээ.

Хэдийгээр энэ мэдээллийг харахад Хятад гадаад ертөнцөөс хамгаалах хаалгаа нээж байгаа мэт харагдах ч энд нэг "шаардлага" бий. Дээр дурдсан гадаадын иргэд Хятад руу нэвтрэхийн тулд Хятадын үйлдвэрлэлийн вакцин тариулсан байх ёстой. Барууныхан Бээжинг нэг бус удаа вакцины дипломат ажиллагаа хийж байна, Хятад улс өөрсдийн вакциныг нийлүүлэх замаар геополитикийн нөлөөллөө үргэлжлүүлж байна гэж буруутгаж байлаа. Гуравдугаар сарын эхээр гарсан мэдээллээр БНХАУ дэлхийн 70 гаруй орон руу үнэ төлбөргүй вакцин нийлүүлж, харин 40 гаруй оронд вакцинаа худалджээ. 

Эндээс харахад нэг асуулт урган гарна. Хятад улс зөвхөн Хятадын үйлдвэрлэсэн вакцин тариулсан гадаадын иргэдийн вакцины гэрчилгээг л зөвшөөрөх үү? Гэхдээ энэ асуултын хариулт одоогоор тодорхойгүй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn