Ангела Меркелийг Хитлертэй зүйрлэсэн Мальтын элчин сайд огцорчээ

544
Германы канцлерь Ангела Меркелийг Адольф Хитлертэй адилтгаж, дипломат маргаан үүсгэсэн элчин сайдаа огцруулах шийдвэр гаргасныг Мальт улсын гадаад хэргийн яам Ням гарагт мэдэгджээ. Тус улсаас Финланд улсад суух элчин сайд Майкл Заммит Табона өнгөрсөн Баасан гарагт буюу дэлхийн хоёрдугаар дайн Европт дууссаны 75 жилийн ойн өдөр фэйсбүүк хуудсандаа “75 жилийн өмнө бид Хитлерийг зогсоосон. Харин Ангела Меркелийг хэн зогсоож чадах бол? Тэр Хитлерийн мөрөөдлийг гүйцэлдүүлж, Европыг хяналтдаа оруулаад байна!” гэж бичсэн юм.
Мальтын гадаад хэргийн сайд Эварист Бартоло фэйсбүүк постоо устгахыг элчин сайдаас шаардаж, түүний бичсэн зүйл Мальтын засгийн газрын байр суурь биш болохыг мэдэгджээ. Мөн Герман улсын засгийн газраас албан ёсоор уучлал гуйх болсон байна. Элчин сайд Заммит Табона нь бизнесмэн байсан бөгөөд 2014 онд Финландад суух элчин сайдаар томилогдож байжээ. Газрын дундад тэнгисийн жижиг арал дээр оршдог, хагас сая орчим хүн амтай Мальт улс нь Европын Холбооны хамгийн жижиг гишүүн орнуудын нэг бол Герман улс нь тус холбооны хамгийн том гишүүн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болдог. 

Р.Төмөр 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn