Авлигыг АН түүчээлэх үү

547
-АН-ын 120 гаруй горилогч тус бүр 280-487 сая төгрөг тушаана-
Улстөрд хөл тавьж, парламентын гишүүн болохын тулд асар их мөнгө цацаж, түүнийгээ буцаагаад өсгөж, үржүүлж авч байна гэх хардлага нийгэмд бий болсоор удсан. Хууль, цаазаар үүнийг таслан зогсоох гэж хичнээн хичээвч барахгүй нь бололтой. Үүний тод жишээ нь өдгөө АН-ынхан нэр дэвшихээр горилогчдоос авч, нэмж нэхэж буй тэрбум орчим төгрөг. Олон нийтийн мэдэж байгаачлан тус намаас нэр дэвшихийг горилогч эрэгтэйчүүд 100 сая, эмэгтэйчүүд 60 сая төгрөгөө аль хэдийн бүрдүүлээд өгчихсөн. Тэгтэл АН-ынхан дахиад л мөнгөний эрэлд гарчээ.Мэдээж залуучууд голдуу хүмүүс нь эрэлд гарч, ”хур” хөрөнгөтэйнүүд нь алгаа үрчин үлдэж. Харин өнгөрөгч долоо хоногт дээрх мөнгөн дүн дээр дахин 180-387 сая төгрөгийг намдаа тушаахаар болсон. Энэ дүнг гаргахдаа тэд Үндэсний аудитын газраас 2020 оны сонгуулийн зардлын дээд хэмжээ хэмээн тогтоосон дүнгийн 50 хувийг төл гэсэн байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.2 дугаар зүйлд заасны дагуу тухайн газар нутгийн байршил, өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, сонгогчдын тоо зэргийг харгалзан тогтоодог.
Нэр дэвшигчид эхний удаа бол намдаа хандив болгож, 60-100 сая төгрөгөө өгсөн. Харин энэ удаагийн мөнгөний эхний хэсгийг 72 цагийн дотор, үлдсэнийг нь тавдугаар сарын 10-ны дотор хоёр хувааж төлөхөөр заажээ. Тиймээс л АН-ын залуучууд дотооддоо сандралдаж, чухам яах, юуны мөнгө вэ гэдгийг асууж сураглахад дунд шатны намын байгууллагад буюу сонгуулиар ажиллах хүмүүсийн цалин хангамж, үйл ажиллагааны зардалд зарцуулна гэх хариуг өгсөн байдаг.
Өдгөө АН-аас нэр дэвшихээ илэрхийлж 120 гаруй хүн эхний ээлжийн мөнгөө төлсөн. Гэтэл дахин дээр заасан мөнгийг төлнө гэдэг чамгүй хөрөнгөтэй хүний хийх ажил болжээ. Энэ нь улстөрд олон жил байж, өөрсдийн бизнесээ өргөжүүлсэн хуучны “ардчилагчдад” томоохон боломж олгож буй явдал болох нь. Тиймдээ ч хэдий нэр хүнд сайтай залуус байсан ч мөнгөгүй бол нэр дэвшихгүй. Хэчнээн муу нэртэй байсан ч намд мөнгөө төлчихсөн бол ҮБХ-ноос эрхээ өвөртлөөд гараад ирнэ гэсэн үг. Нөгөө талдаа улстөрд залуус цүнх баригчаас хэтрэхгүй, өөрсдийн боломжоор сонуульд өрсөлдөх гээд ч “ах нар” нь мөнгөний хэмжээгээр “зодож” унагаж байгаа нь зүрхийг нь мохохоос аргагүйд хүргэжээ. 
Тэдний нэг Хөх хотод консулаар сууж байсан Д.Мөнх-Эрдэнэ. Тэрээр өөрийн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлсэн ч өрсөлдөгчид нь өгөөш болно гэх хардлагаар буцааж, устгуулсан бололтой. 
Юутай ч АН-аас нэр дэвшинэ гэдэг дээр мөнгөнөөс гадна өөрийн багтаа ажиллагсдыг цалинжуулах, өөрийгөө бусдад таниулах сурталчилгаа, ярилцлагад оролцох зэрэг хөрөнгө мөнгө гээд үндсэндээ нэг тэрбум төгрөг багадаа шаардлагатай болох нь хэмээн санааширч эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй хэрэвзээ хэдий мөнгөө тушаасан ч нэр дэвшихээ эрхээ ҮБХ-ноос авч чадахгүй бүдэрвэл нам “заяа чинь тэр” гэж орхиод горилогч “шатсан газар” гээд л үлдэх ажээ. Эсвэл нэр дэвшиж ялалт байгуулна гэж итгэл үнэмшилтэй хүмүүс бол тэрхүү мөнгөө босгоод дараа нь хариуг нь барих шаардлага үүснэ гэсэн үг.
Уг нь “хэт шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж үг бий. Яг үүнтэй адил бараг тэрбум төгрөгөөр сонгуульд оролцож, өрсөлдөж ялалт байгуулсан хүн цаашдаа төрийн төлөө, түмний өмнөөс ажиллах уу. Төрд гарах гэж зүтгэхдээ ашигласан мөнгө хөрөнгөө олохын тулд зүтгэх үү. АН-д тушаасан мөнгөө олохын тулд авлигын аргаар ч болов “шарх”-аа нөхөж, тусламж, дэмжлэгийн хариуг барих болох нь ээ.

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn