Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нар давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг эдлэхээр болов

153

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга, гишүүн асан Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүйгэж дүгнэлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрсөн Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Ч.Отгочулуу, түүний өмгөөлөгч Б.Баяраа болон Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн хянаад эл шийдвэрийг гаргасан байна.
Ингэснээр Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нар давж заалдах шатны шүүхээс оноосон ялаа эдлэхээр болов.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Н.Мөнхбатын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, хоёр жил хорихоор болсон билээ.
Харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын хорих ялыг өөрчилж, 20 сая төгрөгөөр торгож, төрд ажиллах эрхийг хоёр жил хассан нэмэгдэл ялыг хэвээр нь үлдээсэн юм.
Тэднийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, тус банкныхны хөрөнгөөр хуучны Хүүхдийн номын сангийн буурин дээр барьсан барилгад Хөгжлийн банкныхан оффис авахдаа сонгон шалгаруулалт зарлаагүй, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгасан.
Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын оролцоотой хийсэн гэрээний дагуу Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны төв байрны 11, 12 дугаар давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг.
Үүнээс гадна гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан Хөгжлийн банкан дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах шийдвэр гаргаж, түүнийгээ буцаан татах шаардлагагүй байхад арилжааны банкуудаас эргүүлж авсан, үүнээс болж Хөгжлийн банкны хадгаламжийн хүүгийн орлогыг алдагдуулж, 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан АТГ-т шалгасан билээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сард тэдэнд холбогдох хэргийг дахиж хэлэлцээд Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон.
Улмаар Н.Мөнхбатын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, мөн хугацаагаар хорих ял оноосон.
Харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан, мөн хугацаагаар хорих ял шийтгэсэн юм.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn