Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд хаваржилт хүнд байна

538

Монгол орны хэмжээгээр ерөнхийдөө өнтэй өвөлжиж, хаваржилт таатай байгаа ч Хөвсгөл, Завхан, Увс аймгийн зарим сумдын малчид зудын хүндийг туулж, өнөөдөр ч байдал төдийлөн наашлаагүй, урт хаврыг туулах үе тулгараад байна. “Эрхэт Монгол” медиа группын сурвалжлах баг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын зудтай өвөлжсөн зарим малчныд очиж газар дээр нь байдлыг үзсэн юм. Цэцэрлэг сумын нутаг мөнх цэвдэгтэй, жилийн жилд цас ихтэй, хүйтэн өвөлждөг онцлогтой ч өнгөрсөн намар, өвөл хур тунадас  илүү арвин байжээ. Тус сум 5009 хүн амтай, 2019 оны эцсийн тооллогоор хонь 150640, ямаа 11212, үхэр 23539, адуу 22849, тэмээ 353 толгойг тоолуулжээ. Цаг агаарынхаа нөхцөл байдалд зохицуулан бог малаа 3 дугаар сарын 20-доор, бод малаа дөрөвдүгээр сарын эхээр төллүүлдэг учраас одооноос ууган төлийн дуу цангинаж эхэлж байна.
Дүн өвөлдөө цасны зузаан тал газартаа 40 см-ээс дээш, уулын ар, гуу жалгандаа 1м 20 см хүрч, намар эрт, есдүгээр сарын сүүлээр 30 см орсон цас тэр дороо хайлмагтсанаа хүйтний аясаар мөстөн бэлчээрийг “гагнаж” малын хамар хатгах өвсгүй шахам өвөлжсөн байдаг. “Мөсөн бүрхүүл гэсвэл уг нь дороо идэх юм гайгүй бий” гэж малчид хэлж байв. Нутгийн иргэд мөсөн бүрхүүлийг “Мөсөн цас” хэмээнэ. Сумын долоон багаас Дэлгэрхаан, Уранхайрхан, Ренчинжугнай гэсэн гурван багт цагийн байдал илүү хүндэрчээ. Тэнд 600 өрхийн 1900 орчим малчид хаваржиж байна. Байгаль, цаг уурын хувьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумтай ижил нөхцөлтэй, хүн, мал нь ч орчиндоо дасч, хонь, ямаа, адуу өвөлжин цас цавчиж идээшилсээр шилбэ нь халцарч, тэр бүү хэл үхэр цас цавчиж байхыг анх удаа харлаа гэсэн малчид таарч байсан юм. Цаг агаар ихээхэн хүйтрэхээр мал бэлчээрт гараад ч идээшилж чаддаггүй, толгойгоо сэгсрээд л зогсоод байдаг гэнэ.
“Нохой хамартаа хүрэхээр усч” гэгчээр Цэцэрлэг сумын хоньд хур тунадас их орсон үед цас зүсэн бэлчиж, нуруу нь л гөвөлзөн харагддаг гэж тэд хэлж байлаа. Зам зуурт хунгарт суулгаад үлдээсэн машинууд үзэгдэх бөгөөд цас ханзарч дууссан хойно л эзэд нь авдаг гэнэ. Цасанд боогдсон айлуудыг шаардлагатай бол нүүлгэж дөхүүлдэг, тэгэхдээ тэмээгээр нүүлгэхээс өөр аргагүй ажээ. Биднийг Ренчинжугнай багийн нутгаар явж байхад Баатарынх гэдэг айлыг нүүлгэхээр таван морьтой хүн долоон тэмээтэй явсан, хонож өнжиж ирэх байх гэцгээж байлаа. Хэдийгээр Цэцэрлэг сум, Могойн голын уурхайн аль аль нь тохилог эмнэлэгтэй, хоёулаа түргэн тусламжийн фургон машинтай ч цас зудтай газраас дуудлага ирвэл мориор хүрэхээс өөр аргагүй. Малчид ихэнх малаа оторт гаргаж, тэжээлд орсон малаа л гаднаа авч хоцорчээ. Могойн гол руу оторт явуулсан мал нэлээд хорогдож, үлдсэн малаа машинд ачиж ирсэн тохиолдол ч гарчээ. Цас зузаарсан үед бод малаа бэлчээн араас нь богоо оруулах, эсвэл трактораар зам гаргах зэрэг бүхий л арга хэмжээ авч байна. Мөн ойрхон байрлах хилийн цэргийн ангиас “Зил 131”  байлдааны машинаар байдал хүндэрсэн газарт өвс тэжээл дөхүүлэх хэрэгцээ ч гардаг ажээ.
Ренчинжугнай багийн малчин, аймгийн алдарт уяач Г.Ганбаатар жижиг тракторын араас дальпуу чирч бог малдаа бэлчих талбай гаргадгаа ярилаа. /Дальпуу. Бэлчээрийн хөрлөсөн цасыг хагалж зам гаргах зориулалттай шовх өнцөгтэй хэрэгсэл.Монгол хэлний их тайлбар толь/ Цагийн байдлын талаар Цэцэрлэг сумын ИТХ-ын дарга Ч.Дашдаваа хэлэхдээ “Жилийн жилд манай сум цас ихтэй байдаг. 10 дугаар сарын 17 гэхэд малаа тэжээгээд эхэлдэг. Цаг хүндэрч өвөлждөг учраас малаа дураараа өсгөх боломжгүй. Аравдугаар сараас дөрөвдүгээр сар болтол бүтэн долоон сар зүтгэж байж дулаантай золгодог газар. Дөрөвдүгээр сарын аравдаар л цас хайлж эхэлдэг онцлогтой. Тавдугаар сар болгож байж ямаа самнана. Тэр үед л газар бараан болдог. Тэгэхээр цаг тавирах яагаа ч үгүй байна” гэлээ. Манай сурвалжлах баг Ренчинжугнай багийн нутгаар явж малчидтай уулзсан юм.
Ренчинжугнай багийн малчин, аймгийн алдарт уяач Г.Ганбаатар:
-Дөч гаруй жил мал маллаж байна. Анх 18 настайдаа нэгдлийн адуу авч маллаж малчин болсон. Энэ жил урьд жилүүдтэй харьцуулбал хатуухан өвөлжлөө. Ихэнх малаа оторт явуулсан. Эндээ 400 гаруй бог, 20-иод бод, уналгын хэдэн адуутай үлдээд байна. Намар эрт цас орж хайлаад мөстсөн. Тэр мөс хайлаагүй, мал бэлчихэд их хүнд байна. Тэгж мөстөөгүй бол бас ч учиртай байдаг. Дороо өвс байгаа боловч мөсөн дор орж, мал идэх боломжгүй болсон. Дальпуу чирч жаахан бэлчээр гаргаж байна. Хавар хатуурвал хэцүү болно. Дээр үед үүнээс илүү хүйтэрч, цас их унадаг байсан. Одоо харьцангуй дулаан байдаг болж. Гэхдээ дулаан байхад цас мөстөж  мал бэлчээрлэхэд хэцүү болдог. Цасны дор гөлгөр хөх мөс л байгаа. Энэ жилийн цас их бөх юм. Манай нутгийн мал тэсвэр хатуужил сайтай. Түүндээ л тэсдэг юм. Дөрөвдүгээр сарын 25 гэж л манай энд дулаан болно. Зун бол богино.
Ренчинжугнай багийн Засаг дарга Ж.Бавуу:
-Манай баг 169 өрх, 609 хүн амтай, 39990 толгой малтай, бог голдуу. Хатуу өвөл болсон тул малчид отор нүүдэлд их явсан. Багийн малын 30-40 хувь нь оторлосон. Сумынхаа цас бага газар руу ихэнхдээ явсан. Боодол өвс 10 мянган төгрөгөөр олдож байна. Тэжээл маш их хэрэгтэй болж байгаа. Газрын гарц гайгүй байсан боловч мөсөн дор дарагдсанаас хүнд байна.
Ренчинжугнай багийн малчин Ч.Чинбат:
-Дүү нартайгаа нийлээд 700 гаруй малтай. Малаа оторлоод тэжээлийн 200 гаруй богтой үлдээд байна. Цаг зүтгүү байна. Хатуу өвөл болж өнгөрлөө. Цас их хатуу байна. Өнгөрсөн жилийн төл, төлөг борлонгоо  арай бараантсан ээвэр, хяр, хамар газраар өдөрт нь бэлчээж байна. Тал хөндийгөөрөө мал бэлчих аргагүй, мөстсөн. Тал газраараа 30-40 см цастай өвөлжсөн. Уулын араараа метр илүү хунгарласан. Үлийн цагаан хулгана өнгөрсөн зун, намар элбэгшсэн. Нүүж ирдэг амьтан юм байна. Бэлчээр их сүйтгэсэн. Тэжээл хүргэж ирье гэсэн ч унаа хүрэх аргагүй өвөлжлөө. Цасанд хашигдсан айл ч нэлээд байсан. Тэр айлуудад тэмээгээр л хүрнэ.
Ренчинжугнай багийн сумын аварга, мянгат малчин Ч.Цогбаяр:
-Намар их цас орсноос нэлээд хүндэрсэн нөхцөлд өвөлжлөө. Өнгөрсөн 10 дугаар сарын 20-доос хойш битүү цастай байлаа. Үлийн цагаан хулгана илүү идэвхжиж, бэлчээр сүйтгэдэг болсон. Хүний хүчин зүйлээс давсан гэж хэлж болно. Манай энд угаасаа сул хөрстэй. Өндөрлөг, хүйтэн сэрүүн газар учраас байнга их цастай байдаг. Малчид болгож бүтээхийн төлөө зүтгэж өвлөө даваад хаваржиж байна. Төр, засгаас элдэв тусламж гуйж гувшихаасаа илүү өөрсдөө болгож бүтээхийн төлөө явдаг шүү дээ, манай эндэхийн малчид. Онд мэнд орно гээд л зүтгэцгээсэн. Хавсарга их тавихгүй, газар хуурайшихгүй бол тавдугаар сар гаргаад мал ногоонд цаддаг. Манай сум бол Монголын хамгийн хүйтэн цаг агаартай газар. Булнайн нуруу, Идэр, Тэс голын сав, хөвөөнд багтдаг. Завханы  Тосонцэнгэлийн цаг агаарыг харахад ерөнхийдөө таардаг юм. Шөнөдөө дөч гарч, өдөртөө гучин хэм давж хүйтэрдэг. Зундаа их сэрүүн ч заримдаа огцом халдаг. Зун огцом халахаараа өвөл бас огцом хүйтэрдэг гэж хашир хүмүүс хэлдэг. Манайх 2019 оны эдийн засгийн тоо бүртгэлээр мянгаад мал тоолуулсан. Дан хонь маань 1000 хүрсэн. 200 гаруй бодтой. Отор нүүдэл хийж, 2-3 тасарч өвөлжсөн. Ноолуур, намрын цагт жаахан мал махаар орлого олдог. Хүүхэд оюутан болсон, сургалтын төлбөр, өөрсдийн хэрэгцээ зэрэгт орлогоо голдуу зориулдаг. Мал олширсноор бэлчээрийн даац хэтэрсэн зүйл манай орон нутгийн хувьд байхгүй. Тавиу сайхан нутагтай. Үлийн цагаан оготно л газрыг маш их сүйдэлж байна. Түүнээс болж бэлчээрийн ургамал багасаж шарилж, шаваг, царван, лууль ургадаг боллоо. Бороо хур сайн орсон ч газар их хуурайшдаг, машин явдаггүй намагтай газар хатдаг болсон. Дэлхийн дулаарал нөлөөлдөг юм байлгүй гэлээ.
Хэдийгээр цаг зүтгүү, хаваржилт хүндэвтэр байгаа ч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчид шинэ төлөө хүлээн авч, эсэн мэнд бойжуулахаар хичээж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn