Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн туршлагаас суралцах хамтарсан хэлэлцүүлэг болов

0

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран өнөөдөр (2021.11.30) “Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав.
Энэ нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь нь юм. Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг болосврол” сэдвийн хүрээнд өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-гийн  Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “…Барууны болон Азийн тэргүүлэх улс орнуудыг хамруулсан судалгаа хийж, эндээс Ази, Дорно дахины буюу Япон маягийн хөгжлийн загвараас жишиг авч, өөртөө тохируулан хэрэгжүүлэх нь Монголын нөхцөлд илүү тохиромжтой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ бол Японы хөгжлийн загварыг шууд хуулбарлан дуурайхгүйгээр, ололт амжилтад хүрсэн туршлагаас нь суралцаж, өөрийн орны нөхцөл байдалд зохицуулан хэрэгжүүлэх уриалга, санаачилга юм… Бид Япон, БНСУ, Сингапур зэрэг богино хугацаанд эрчимтэй хөгжсөн Азийн улс орнуудын жишгээр хөгжихийн тулд  эдийн засгийн алсын хараатай бодлого боловсруулж, түүнээ шат дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх, үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэгч үндэстэн болох, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, экспортод суурилсан хөгжлийн загварын элементүүдийг нутагшуулах, үйлдвэрлэл, экспортыг санхүүжилтийн нэгдсэн бодлогоор удирдаж, зээл, хүүгийн таатай нөхцөлөөр дэмжих, хөгжлийн бодлого төлөвлөлтийн бие даасан яамтай болох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бодитой хангах зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай.

1-33-300x196 Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн туршлагаас суралцах хамтарсан хэлэлцүүлэг болов

Үүнд Японы эдийн засгийн өндөр өсөлтийн он жилүүдэд аж үйлдвэржилт-экспортын бодлогыг зангидаж байсан Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яамны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг дэмжих “Main bank”-ны тогтолцоо, төсвийн хөрөнгө оруулалтын  FILP хөтөлбөр, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг төр, хувийн хэвшил хамтран шийдвэрлэдэг “Deliberative council” систем, эдийн засгийн төлөвлөгөөгөө мөн хамтран боловсруулдаг Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл буюу “Economic Council”, Зөвлөлийн ажлын алба, үйл ажиллагааны уялдааг хангадаг Эдийн засгийн төлөвлөгөөний агентлаг  буюу “Economic Planning Agency” зэргийн туршлагыг судлах нь чухал байна” гэж онцлон тэмдэглэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв болох Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогыг чиглүүлж ирсэн Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны гүйцэтгэх үүргийн талаарх шинжилгээ, судалгаа нь Монгол Улсад шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн яамны эрх, чиг үүргийг тогтоох болон үйл ажиллагааг чадавхжуулахад хувь нэмэр болох бол баяртай байна гээд улс орон бүр өөрийн гэсэн ёс заншил, соёл, тогтолцоотой байдаг. Дэлхийд Монгол Улстай яг адилхан улс байхгүй ч дайны дараах сэргээн босголт, бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлсэн Япон Улсын туршлагыг судалснаар Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын гол санааг олж харна гэдэгт итгэж байна хэмээн тэмдэглэсэн.
2-18-300x194 Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн туршлагаас суралцах хамтарсан хэлэлцүүлэг болов

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико цуврал хэлэлцүүлгүүдийг хоёр талын хамтын ажиллагааны хүчин чармайлт, дэмжлэгийн хүрээнд зохион байгуулж буйг дурьдаад, хэлэлцүүлгүүд нь Монгол, Япон Улсын эдийн засгийн харилцааны хөгжил, түншлэлд ихээхэн нөлөө үзүүлэх чухал ажил болно хэмээн итгэж байна гэлээ.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд  дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Т.Аубакир, Х.Булгантуяа, Д.Батжаргал, Д.Батлут, Х.Ганхуяг, Т.Доржханд, Д.Сарангэрэл, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монгол банк, Хөгжлийн банк, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд оролцлоо.
3-19-300x131 Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн туршлагаас суралцах хамтарсан хэлэлцүүлэг болов

Нээлтийн дараа Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдын зөвлөх Сабүри Масатака “Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын шинэчлэл, экспортын үйлдвэрлэлийн хөгжил” сэдвээр Япон улсаас онлайнаар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлээрээ Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны түүхэн замнал ба улсын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, аж үйлдвэрийн бодлогын бодит нөхцөл байдал, Японы төрийн захиргааны байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийн туршлагаас сонирхолтой мэдээлэл танилцуулсан бол үргэлжлүүлэн Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлс ба авч буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан.
Мөн Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дэд дарга Иший Такаюки онлайнаар “Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны бүтэц ба бусад яамдын уялдаа, ажил үүргийн хуваарилалт” сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр илтгэлдээ Япон Улс 1945 оны дэлхийн хоёр дугаар дайнд ялагдаж, газар нутаг, улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбар ч сүйрлийн байдалтай болсон хэдий ч богино хугацаанд дэлхийд дээгүүрт орох эдийн засгийн хүчтэй орон болсон талаар мэдээллийг хуваалцахын зэрэгцээ хөгжилд хүрч чадсан шалтгааныг төрөөс үр дүнтэй бодлого, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил нэгэн цул болж хамтран ажиллаж ирсний үр дүн гэж тодорхойлов. Тэрбээр мөн Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны бүтэц, чиг үүрэг, санхүүгийн бодлогын сүүлийн үеийн өөрчлөлтийн мэдээллээс хуваалцлаа.

4ъ-300x200 Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн туршлагаас суралцах хамтарсан хэлэлцүүлэг болов

Сүүлийн илтгэлийг Санхүү эдийн засгийн их сургуулийн ректорын зөвлөх З.Шагдарсүрэн “Японы эдийн засгийн хөгжилд хөгжлийн санхүүжилтийн гүйцэтгэсэн үүрэг, Монгол Улсад авах сургамж” сэдвээр тавьсан.
Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хэлсэн үгэндээ “Бид Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулан гадаад, дотоод худалдааны бодлогыг нэгтгэн зангидах бүтэцтэй болж байна. …Манай улс Япон Улстай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх, өөрийн орны экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмал болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Япон Улсын өндөр технологийг нутагшуулах нь маш чухал гэв.

“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгүүд Япон Улсын хөгжлийн туршлагыг судлах гол ач холбогдолтойг хэлэлцүүлгийн чиглүүлэгч Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг тэмдэглэж, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж оролцсон болон онлайнаар оролцсон бүх хүмүүст, тэр дундаа хамтрагч байгууллага Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-д, туршлага, мэдээллээ харамгүй хуваалцсан илтгэгчдэд талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn