Дэлхийн хүн амын 20 орчим хувь өнөөдөр гэрийн хорионд байна

431
Манай дэлхийн хүн амын тавны нэг нь өнөөдрийн байдлаар гэрийн хорионд байна. Нийтдээ 1.7 тэрбум хүн засгийн газраасаа гэртээ бүгэх үүрэг аваад байгаа юм. Энэ нь шинэ коронавирусийн тархалтыг удаашруулах хамгийн үр дүнтэй аргад тооцогдож байна. Ард иргэдээ гэртээ байхыг тушаасан сүүлчийн улс нь Их Британи болжээ. Даваа гарагийн шөнө дундаас тус улс даяар уг дэглэм хэрэгжиж эхэлж байна.
Хүнсний бараа худалдаж авах, эмнэлэг, эмийн санд очихоос бусад зорилгоор гэрээсээ гарахгүй байхыг Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон иргэдэдээ анхааруулсан юм. Мөн өдөрт нэг удаа гадаа ганцаарчилсан дасгал хийх, онц шаардлагатай тохиолдолд ажлын байрандаа очихыг зөвшөөрчээ. Энэ долоо хоногт шинэ коронавирусийн тахал дэлхий даяар эрчимжиж байгаа. Халдварын эхний 100,000 тохиолдол бүртгэгдэхэд 67 өдөр болсон бол сүүлийн 100,000-д хүрэхэд ердөө дөрвөн өдөр шаардагдсаныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 378,679 халдварын тохиолдол илэрсэн бол 16,500 гаруй хүн Covid-19 өвчнөөр нас бараад байна.
Мөн 101,000 орчим хүн халдвар авсныхаа дараа бүрэн эдгэрчээ. АНУ-ын хүн амынх нь 40 хувь өнөөдөр гэрийн хорионд байна. Тус улсад 44,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 557 хүн нас бараад байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хэдэн долоо хоногийн дотор улс орноо хөл хорионы дэглэмээс гаргана гэж мэдэгдээд байна. Тэр “Манай улс бүрэн зогсох гэж байгуулагдаагүй. Энэ улс орныг ингэхийн тулд байгуулаагүй юм” гэж мэдэгджээ. Трамп эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсолгүй хямарсан эдийн засгаа аврахын тулд олон мужид тогтсон хөл хорионы дэглэмийг удаалгүй цуцлах хүсэлтэй байгаа ажээ.

Э.Сэмүүн 
Эх сурвалж: The Guardian
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn