Н.Нямчимэг : Хөвсгөл нутгийнхаа бахархлыг жил бүр олон нийтэд хүргэхийг хичээдэг

340

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2020” улсын 24 дүгээр уралдаанд хоймор нутгийн багш, сурагчид 6 ангилалд амжилттай оролцож, улсад тэргүүлсэн. Тус уралдааны Бичвэрийн бус бүтээлийн ангилалд өнгөрсөн жил дэд байр, энэ жил тэргүүн байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10г ангийн сурагч Нямдагвын  Нямчимэгтэй ярилцлаа.


-   -“Монголын сайхан бичигтэн-2020” улсын 24 дүгээр уралдааны Бичвэрийн бус бүтээлийн ангилалд түрүүлсэнд баяр хүргэе. Хэзээнээс эхлэн монгол хэл бичгийг сонирхон суралцаж эхлэв?

-Баярлалаа.Би 7-р анги хүртэл зураг зурах дуртай байсан. Өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ үед Хүүхдийн ордны 60 жилийн ойд зориулсан зургийн уралдаан зарласан байсан. Үүнд оролцохдоо номын клубт элсэж, Монгол хэл бичгийн Б.Анхбаяр, Н.Батцэцэг багш нартайгаа танилцаад өөрийгөө цааш нь хөгжүүлэхээр бүтээлээ туурвиж эхэлсэн.


 -“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд хэдэн оноос оролцож эхэлсэн бэ?

- 2018 оноос эхлэн оролцож байна. Эхлээд монгол бичгийн олон төрлөөр оролцож байсан. Харин өнгөрсөн оноос эхлэн Хөвсгөл нутгийнхаа бахархлыг олон нийтэд хүргэх зорилт тавьж “Цаатны урц” бүтээлийг хийж оролцоод дэд байрт шалгарсан.



Миний хувьд маш олон түүх соёлын өв болсон Хөвсгөл нутагт төрснөөрөө үнэхээр их бахархдаг. Энэ ч үүднээс жил бүр Хөвсгөл нутгийнхаа бахархал, орон нутгийн онцлог бүхий бүтээлээр оролцож олон нийтэд хүргэхийг хичээж байна.

Энэ жил ямар бүтээлээр оролцсон бэ?

-Хөвсгөл нутгийн уугуул Хотгойдын баатар Чингүнжав гэдэг эрхэм хүний тухай бүтээлээр оролцлоо. Энэ хүний түүхийг сонсоод би  маш их огшсон. Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрийгөө үл хайрлан тэмцэж, амиа алдсан энэ хүнээр хүүхэд багачууд бид бахархах ёстой. Бид нар ямар их үнэ цэнтэй нутаг усанд амьдарч байна гэдгийг хүүхэд бүр ухаарч мэдээсэй гэсэн зорилго өвөрлөн Чингүнжав баатрын тухай маш их судалсан. Интернэтээс хангалттай сэтгэлд хүрсэн материал олдоогүй учраас номын санд сууж “Зүрхний хилэн” романыг уншсан. Мөн түүний тухай кинонуудыг үзсэн. Өнгөрсөн жил дэд байр эзэлсний дараа л ирэх жил ямар бүтээлээр оролцох талаар аавтайгаа зөвлөлдөж, жилийн өмнө санаагаа олсон байсан. Ингээд бүтээлээ 1 сарын хугацаанд хийсэн. Сүүлдээ  хугацаа тулгамдсан учраас  5 хоног  нойргүй хоносон. Хамгийн гол нь эвхмэл, угалзан эвхмэл, хөх хамбан муутуун дээр боронзоор, цагаан муутуун дээр бэхээр зэрэг маш олон төрлөөр бичсэн. Чингүнжавын түүхийг уншиж байхад түүний биеэр улайсгасан 81 зоосыг гүйлгэн тамлаж алсан байдаг. Түүний тухай бүхий л мэдээлэл хэлсэн үгийг цаасан дээр монгол бичгээр  бичиж 81 зоосны нүхэнд хийсэн .

-Монгол хэл бичгийг шамдан суралцаж байгаад баяр хүргэе. Эх хэлээ яг юутай зүйрлэмээр байна?

-Би монгол хэл бичгийг өөрийн амьтайгаа зүйрлэдэг. Улс орны тусгаар тогтнол бол эх хэл бичиг. Хүн бүр эх хэл бичгээ өөрийн амь шигээ хайрлаж, бичиг соёлоо хүндэлж яваасай гэж хүсдэг учраас энэ уралдаанд 4 дэх жилдээ оролцож түрүүлсэндээ маш их баяртай байна. Намайг үргэлж дэмжиж байдаг хайртай гэр бүл, найз нөхөд, Эрдмийн далай сургуулийн хамт олон, багш нартаа маш их баярлалаа. Та нарынхаа дэмжлэгээр энэхүү амжилтад хүрлээ. Цаашид эх хэлээ дээдлэн, улам их хичээн шамдан суралцах болно.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn