ХААН Банк Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа

286

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлж, ХААН Банканд хөрөнгө орууллаа. 
Таван жилийн хугацаатай, 60 сая ам.долларын Ногоон бондын эх үүсвэр босгох ажлыг ОУСК зохион байгуулж, 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол Нидерландын хөгжлийн банк (FMO) 35 сая ам.доллар, байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулдаг АНУ-д төвтэй “MicroVest” компани 10 сая ам.долларын санхүүжилт тус тус олгоод байна.
Энэхүү хөрөнгө оруулалтаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга байгууламж, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төслүүдийг санхүүжүүлснээр ХААН Банкны ногоон зээлийн багцыг өсгөөд зогсохгүй Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон сорилтуудтай тулгарч байна. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дэлхийд дээгүүрт орж буй нь айл өрхүүд болон цахилгаан станцууд нүүрс, мод түлж байгаагаас улбаатай. Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын агаарын дундаж температур дэлхийн түвшнээс өндөр байгаа нь уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж буйн илрэл төдийгүй хур тунадасны хэмжээ багасаж, ган, зуд, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд нь өвөрмөц, эмзэг экосистемд дарамт учруулах төлөвтэй байна.
ХААН Банк Ногоон бонд гаргасан нь Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал бөгөөд банкны салбарын нийт зээлийн багцад ногоон зээлийн багцын эзлэх хувь хэмжээ 1.4 хувь байгааг 2030 он гэхэд 10 хувь болгох зорилтыг дэмжих юм. Мөн түүнчлэн жил бүр ялгарах хүлэмжийн хийг хэдэн арван мянган тооноор багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад туслах юм.
зураг 
“Ногоон санхүүжилт нь ХААН Банканд нэн чухал ач холбогдолтой. Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк ХААН Банк урт хугацааны түншүүд болох ОУСК, FMO, MicroVest компанийн дэмжлэгтэйгээр олон улсын зах зээлд анхны Ногоон бонд гаргаж буйдаа маш их бахархаж байна. Энэ бол манай банкны, Монголын банкны салбарын  хувьд ногоон санхүүжилт, тогтвортой эдийн засгийг дэмжих түүхэн үйл явдал юм. Бид бүхэн анхны Ногоон бондоо гаргаснаар цаашид харилцагчдадаа урт хугацаат зээл олгох, мөн санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх боломж бүрдэнэ. Бид ОУСК болон бусад түншүүдтэйгээ хамтран илүү шинэлэг санхүүжилтийн хэрэгслийг таниулан нэвтрүүлэхээр зорьж байна” хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа сэтгэгдлээ хуваалцлаа.
ОУСК-ийн зүгээс Ногоон бондын ерөнхий бүтцийг боловсруулахад нь ХААН Банканд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Тухайлбал, энэ оны эхээр ОУСК-иас ХААН Банканд 130 сая ам.долларын урт хугацаат синдикат зээл олгосон нь Монгол Улс дахь бичил болон жижиг дунд бизнесүүд, тэр дундаа бизнес эрхлэгч  эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой юм. 
“Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтууддаа хүрэхэд энэхүү санхүүжилт маш чухал ач холбогдолтой, түүхэн үйл явдал болж байна. Ногоон бонд гаргах нь тухайн улс орон болон ард иргэдэд үр өгөөжөө өгөхүйц ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үр ашигтай санхүүжилтийн арга юм. Монгол Улсын анхны Ногоон бондыг олон улсын жишигт нийцүүлэн дэмжиж ажилласнаар ОУСК нь тус улсын зах зээлд Ногоон бондын стандартыг тогтоож,  Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр болох ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бусад банкууд болон аж ахуйн нэгжүүдийг уриалсан хүчтэй дохио болно гэдэгт бид итгэж байна” гэж ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн санхүүгийн байгууллагууд хариуцсан захирал Аллен Форлему хэллээ.
“Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд Ногоон бонд гаргахад  хувь нэмрээ оруулж буйдаа бид баяртай байна. Урт хугацааны түнш болох ХААН Банктай хамтын ажиллагаагаа дахин өргөжүүлж, энэхүү Ногоон бондоор дамжуулан бид Монгол орон  даяар тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монголд олноор бий болгоход тустай гэж үзэж байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь байгаль цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үр дүнтэй алхам болох төдийгүй бидний стратегитэй нягт уялдаж буй. Мөн Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтыг дэмжиж байгаа үйлдэл юм. Нидерландын хөгжлийн банкны зүгээс ХААН Банктай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх, ялангуяа тус банкны ногоон стратегийг бэхжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байна” хэмээн Нидерландын хөгжлийн банк (FMO)-ны Санхүүгийн байгууллагуудыг хариуцсан захирал Марникс Монсфорт онцолсон юм.
“Монгол Улсаас олон улсын зах зээлд анх удаа гаргаж буй ХААН Банкны Ногоон бондод хөрөнгө оруулагчаар хамтран оролцож байгаадаа бид туйлын их баяртай байна. ХААН Банк манай урт хугацааны түнш байсаар ирсэн. Монгол Улсын хувьд нүүрстөрөгч багатай, байгаль цаг уурын хувьд тэнцвэртэй тийм ирээдүйг бий болгоход энэ санхүүжилт хувь нэмрээ оруулаад зогсохгүй сэргээгдэх эрчим хүчний санал санаачилгуудыг хөгжүүлэхэд тустай ногоон хөрөнгө оруулалт байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн “MicroVest” компанийн Гүйцэтгэх захирал Жошуа Моразевски сэтгэгдлээ хуваалцлаа.
2030 он гэхэд Монгол Улс  хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулахаар зорилт тавиад байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор жилийн 413 сая ам.долларын санхүүжилт шаардагдах тооцоо гарсан бөгөөд тус санхүүжилтийн 80 хувийг олон улсын хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлээс бүрдүүлэхээр байгаа юм. 
ОУСК нь сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн төдийгүй Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шаардлагуудыг арилжааны банкуудад хэвшүүлэхэд тусалж ажилласан. Мөн түүнчлэн ОУСК нь Монголын Ногоон бондын дүрэм журам, зааварчилгааг боловсруулснаараа дотоодын зах зээлд Ногоон бонд гаргах бололцоог бүрдүүлсэн юм.
зураг 
Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн тухай
Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнуудын зах зээл дэх хувийн секторын хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийг дэмжигч олон улсын хамгийн том санхүүжүүлэгч төдийгүй анхны Ногоон бонд гаргасан байгууллага юм. 2022 оны байдлаар ОУСК нь 20 төрлийн гадаад валютаар 11.6 тэрбум ам.долларын 187 удаагийн Ногоон бонд гаргасан байна.
ОУСК нь дэлхийн 100 гаруй оронд хүрч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд санхүүжилт олгох, мэдлэг туршлага  хуваалцахаас гадна хөгжиж буй улс орнуудад шинэ зах зээл, боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлдэг. 2022 онд хөгжиж буй улс орнуудын хувийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад 32.8 тэрбум ам.долларын санхүүжилт олгон дэлхийн эдийн засгийн хямрал болон хэт ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ХААН Банкны тухай
ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 545 салбар, нэгж болон цахим сувгуудаараа дамжуулан Монгол Улсын хүн амын 80 гаруй хувьд буюу 2.8 сая харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Мөн улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлж байна. Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ХААН Банк үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг мөн эрчимтэй хэрэгжүүлсээр байна. ХААН Банкны 2021 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Нидерландын хөгжлийн банк (FMO) -ны тухай
Нидерландын хөгжлийн банк (FMO) нь хувийн хэвшлийн хөгжлийн томоохон банкуудын нэг бөгөөд хөгжиж буй орнуудад, ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийж ирсэн.  Бизнес эрхлэгчдэд илүү таатай орчин бүрдүүлэх зорилготой. Өдгөө 85 оронд санхүүгийн байгууллага, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт нийт 12 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
МикроВест (MicroVest) компанийн тухай
MicroVest Capital Management (MicroVest) нь хөгжиж буй орны зах зээл дэх жижиг бизнес эрхлэгчид болон банкны үйлчилгээ хангалттай авч чаддаггүй харилцагчдадаа зээл олгодог хариуцлагатай бичил болон жижиг дунд санхүүгийн байгууллагуудыг санхүүжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын удирдлагын мэргэжлийн компани юм. 2003 онд байгуулагдсан цагаасаа хойш MicroVest нь хөгжиж буй 60 орны 200 гаруй хариуцлагатай санхүүгийн байгууллагуудад 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. MicroVest нь DAI Global, ХХК-ийн охин компани юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn