Ч.Нямдаваа: Хөвсгөлийн удирдлагууд Могойн гол ХК -тай хуйвалдан нүүрсийг зах зээлийн үнээс 2-3 дахин хямд борлуулж, улсад 7,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

336

Уул уурхайгүй Хөвсгөл ТББ-аас Хөвсгөл аймгийн "Могойн гол" нүүрсний уурхай нь орон нутгийн өмчит компанийн хөрөнгийг зах зээлийн үнээс хоёроос гурав дахин бага үнээр борлуулж улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан. Мөн өдөрт 50-100 машин хараа хяналтгүйн улмаас хүссэн замаараа тээвэр хийж байгаль орчин, зам, гүүрэнд ноцтой хохирол учруулж буй талаар мэдээлэл хийлээ
Уул уурхайгүй Хөвсгөл ТББ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Нямдаваа:
-2019 оны дөрөвдүгээр сарын гурваны өдөр аймгийн ИТХ-ын хоёрдугаар тогтоолоор Могойн голын уурхайгаас экспортын нүүрс тээвэрлэн борлуулахыг хориглосон. Гэвч 2021 оноос дахин нүүрс тээвэрлэж эхэлсэн бөгөөд аймгийн Засаг даргын /ЗД/ 2022.1.11-ний өдрийн А/07 захирамжаар мөн л экспортын нүүрс тээврийг зогсоохоор захирамжилсан ч 2023 он гартал буюу өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна.
Могойн гол ХК нь 51% нь орон нутгийн өмчит компани гэвч хувьцаа эзэмшигч Ж.Батболд, гүйцэтгэх захирал Б.Батхүү нар нь орон нутгийн өмчит компанийн хөрөнгийг зах зээлийн үнээс 2-3 дахин бага үнээр зарж борлуулсан. Мөн засаг дарга Ш.Идэрбаясгалан 2020 онд сонгогдохоосоо өмнө Могойн гол ХК-ний нүүрс тээвэрлэлт зам, гүүрт л гэхэд 7,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж мэдээллэж байсан хэдий ч Засаг дарга болсон цагаас хойш уг хохирлыг барагдуулах бус нэмэгдүүлсэн.
Энэ асуудал дээр аймгийн  ЗДТГ, МХГ,  Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, БОАЖГ, АТТ-ийн дарга нар ямар ч арга хэмжээ аваагүй учир Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 22,1 дүгээр зүйлийн дагуу Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, улмаар улсад их хэмжээний хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгэсэн гэх үндэслэлээр нийт найман хүнийг  өнөөдөр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгч байна.
Хөвсгөл аймгийг уул уурхайн аюулаас ангид, ХАА, аялал жуулчлалаар хөгжүүлэхээр ард иргэд, аймаг орон нутгийн хэмжээнд ихээхэн анхаарал тавьж ирсэн бөгөөд нийт нутгаа 2019 оноос орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.
https://tsahiur.mn/n/s/13265
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn