Улс төрд бөх шиг хэрэггүй хүн алга
Баялаг бүтээдэггүй, ард түмний хүндлэлийг ашиглан улс төр рүү санаархагч бөхчүүдийг УИХ-д сонгохгүй байя
Бөх л болчихвол улс төрд амархан орж болох юм байна, бөхдөө хайртай монгол түмний хайр, хүндлэл, цагаан сэтгэл УИХ-ын гишүүн болтол нь дэмжиж чаддаг юм байна гэж ойлгодог залуусын хандлага, оролдлого хүчээ авчээ. Их, дээд сургуульд сурч, номын мөр хөөн, мөнчгөрөөрөө албан тушаал ахиж, үзэж туулсаар өөртөө бий болгох ажлын туршлага, ажиллаж буй чиглэлээрээ мэргэшиж, мэдлэгжиж, тодорхой амжилт гарган нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах, ядаж ямар нэг бизнес эрхлэн баялаг бүтээх зэргээр өчнөөн цаг хугацаа, он жилээр өөрийгөө зовоосноос олон түмний хайртай бөх болох нь улс төрд хүргэх хамаагүй хялбар бөгөөд дөт зам гэж найдаж буй хэрэг л дээ. Залуусын ийм хүслийг дэврээж, ингэтэл итгэж, зүтгэх сэдлийг өнөөгийн улс төр дэх бөхчүүд төрүүлээд байгаа болохоор бас аргагүй ч юм уу.
Өдгөө цагийн улс төр дэх бөхчүүдийг л бодоход, тэднээс УИХ-ын гишүүн болохоосоо өмнө нийгэмд ач холбогдолтой, үр өгөөжтэй зүйл юу хийв, ямар баялаг бүтээв, ядаж улсад хэчнээн төгрөгийн татвар төлж, хэдэн хүнийг ажлын байраар хангав, ямар сургууль төгсөж, мэргэжлийн зэрэг, цол хэчнээнийг ахиулсан бэ гэсэн ойр зуурын асуулт асуухад л “Олон түмний хайр хүндлэлийг л хүлээсэн дээ” хэмээгээд маасайж, бүдрэх нь тодорхой.
Ур бяд муутай хэдэн мэхээр олны хайр хүндлэлийг хүлээснээс өөр гавьяагүй, тухайн цаг үедээ ирэх жилийн наадамд уначихалгүй хэд давахаас илүү зорилго, тэмүүлэлгүй, бөхийнх нь хувьд хүндэтгэж байгаа ард олны төлөө сайн сайхан зүйл хийх ямар ч бодол, санаачилгагүй л амьдарч асан, улстөрч байх шаардлагад дөхөж ойчих ч үгүй бөхчүүд шүү дээ. Үүнийг нь шинэхэн гишүүн болоод байх үеийнх нь итгэл муутайхан атлаа ичиж, сандарсандаа аг даггүй урсах хөлсөө арчингаа “Би улстөрч болно гэж өмнө нь төсөөлж, бодож ч байгаагүй. Гэхдээ надад улс төрд хийх юм их байгааг ойлгосон. Одоо би хийнэ” гэх маягтай ярилцлагуудаас нь олон таван тайлбаргүй ойлгож болно. Дөрвөн жилийн өмнө ийн ярьж байсан тэд өдгөө бахь байдгаараа, тэр үеийнх шигээ байгуулсан гавьяа, бүтээсэн баялаггүй бөх хэвээрээ хугацаагаа дуусгах гэж байна. Гэх атлаа өнгөрсөн хугацаанд тэдний ой тойндоо ортол ойлгосон ганц юм нь “Дараагийн сонгуульд заавал дахин сонгогдох юм шүү” гэх амташсан бодол, түүний төлөө хийх лообий гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Зүлэг ногоон дэвжээнээс төр барих сэнтий рүү шууд ирсэн бөхч улстөрчдөд улстөрчийн хийгээд олны төлөө зүтгэх, тархиа гашилгаж хууль боловсруулах мэдлэг, туршлага, чадвар байхгүйг нь мэдсээр атлаа тэднээс баялаг бүтээх, хууль санаачлан боловсруулах, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэн тэтгэхэд оновчтой бодлого хэрэгжүүлэхээс эхлээд инноваци, технологийн дэвшлийг нэвтрүүлэх гэх мэт дэндүү ахадсан зүйл горьдож сонгосон нь сонгогч таны хохь шүү дээ.
Тиймээс бөх байхдаа ч, УИХ-ын гишүүн болсон ч баялаг бүтээдэггүй, мөнчгөрөөрөө хууль санаачилж, боловруулдаггүй, сонгогчдоо ч эргэж, тойрдоггүй бөхчүүдийг УИХ-д огт сонгохгүй, саналаа өгөхгүй байя.
Гэхдээ бүдүүн баараг ч гэлээ тэр олны дундаас сүйхээтэй нэг бөх заавал байх бөгөөд тэр нь тухайн асуудал, салбараараа мэргэшсэн хуульч, хууль боловсруулагч, доктор, профессоруудыг өндөр өртгөөр хөлслөн өөрт болон тойрон хүрээлэгчиддээ ашигтай хууль боловсруулуулж, түүнийгээ батлуулахаар зүтгэж, улстөрчдийн саналыг лообийдож байгаа харагддаг. “Хүний мууг хурдан сурдаг” гэдгээр бусад нь нөгөөхийгөө дууриах маягтай хуулиуд санаачилж, түүнийгээ тугаа болгон байнга ярихыг яана. Ийн явсаар дөрвөн жилийн хугацаанд тэд нэг зүйлийг маш сайн сураад УИХ-ын гишүүн байх их сургуулиа бөх хүний хувьд “төгсдөг”. Тэр нь УИХ-ын гишүүний дархан эрх, албан тушаал, танил талаараа далимдуулан хуулийн лобби, элдэв хууль бус томилгоо, лиценз, төсөл, тендерийн наймаа, луйвар тэргүүтэй улсаас идэж, уух хууль бус юм болгоныг гарамгай сайн эзэмшээд, энэ тал дээр үг хэл нь сайхан цэгцрээд, догь болсныг бид бэлхнээ сонсож, харж буй.
Тэр ч бүү хэл сум, нутгийн хөгшчүүл, нэр бүхий хүмүүстэй ойр ойрхон уулзаж, өөрийгөө дэмжүүлэхээр үг зааж, заримынх нь үр хүүхэд, ах дүүсийг төр, хувийн хэвшилд ажилд хүртэл оруулж өгч байгаа мэдээлэл бий. Тэднээс гадна хэдэн жилийн турш нэвтрүүлэг, кино хийж, түүндээ хөтлөгч, жүжигчин, оролцогч, гол дүр гэх мэт байж болох бүх төрлөөр оролцон, өөрсдийгөө олон нийтэд телевизийн цэнхэр дэлгэцээр таниулж яваа бөхчүүд ч бий. Ингээд зогсохгүй хоёул, гурвуулаа өөрсдийнхөө ивээн тэтгэж, бэлтгэн олон нийтэд хүргэдэг нэвтрүүлэгтээ зочин, хөтлөгч болон хамтдаа сууж байгаад оролцож ч үзэж байна. Энэ мэтээр улс төрд орох сонгуулийн ажлаа янз янзаар эхлүүлсэн бөхчүүд амьдралынхаа замналаар сонин, сэтгүүлээс эхлээд ном хүртэл захиалан бичүүлж, хэвлүүлж эхэлсэн мэдээлэл цөөнгүй бий.
Үндэсний өв соёл, бахархал, хүндлэлээр нь далимдуулан УИХ-ын гишүүн болтлоо ард түмнээр “өргүүлэн” улс төрд орж ирсэн бөх монголчуудад, Монголын төрд ямар ч хэрэггүйг өмнөх жилүүдийн дээрх цөөн баримт хангалттай харуулж байна. Тиймээс бөх байхдаа ч, УИХ-ын гишүүн болсон ч баялаг бүтээдэггүй, мөнчгөрөөрөө хууль санаачилж, боловсруулдаггүй, сонгогчдоо ч эргэж, тойрдоггүй бөхчүүдийг УИХ-д огт сонгохгүй, саналаа өгөхгүй байя.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээн дэх мэдээлэл, ойр тойрныхных нь яриагаар ирэх УИХ-ын сонгуульд олны танил бөхчүүдээс цөөнгүй нь гишүүний төлөө “барилдах” гэнэ. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга Х.Цагаанбаатар Дархан-Уулд, Монгол Улсын анхны олимпын аварга, анхны хос медальтан, жүдоч, үндэсний бөхийн улсын начин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Баянхонгор аймгаас, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Өвөрхангайгаас, Кёкүшюүзан Д.Батбаяр Ховд аймгаас, Монголын үндэсний бөхийн заан цолтон, “Жем интернэшнл” ХХК-ийн захирал Ц.Цэрэнпунцаг Завхан аймагт, Улсын харцага Г.Ганхуяг Хөвсгөл аймгаас нэр дэвших гэнэ.
Гэхдээ сүүлийн үеийн бөхчүүд уран сайхан мэх хийж чаддаггүйгээс гадна сэргээшгүй бол барилдаж чадахаа байчихаад байгаа.
Эх сурвалж: http://www.npost.mn/a/165955