Р.Найдандорж: Сүхбаатар хөлөг ямар ч барьцгүй. Яг “өндөг” шиг байсан

254
Хөвсгөл далайн гүнд живж, намагт шигдээд 33 жил болсон 309 тонн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг монголчууд өөрсдөө татан гаргалаа.
Аварга хөлгийг аюул, эрсдэлгүй шуурхай татан гаргахад эрдэмтдийн баг онцлох үүрэгтэй оролцсон юм. Тэдний төлөөлөл ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дэд захирал, Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах эрдэмтдийн багийн гишүүн Р.Найдандоржтой ярилцлаа.
-300 гаруй тонн жинтэй хөлөг онгоцыг далайн гүнээс татан гаргана гэдэг амаргүй байсан нь мэдээж. Татан гаргах бүх үйл явц эрдэмтдийн тооцоо судалгаан дээр үндэслэлээ. Та бүхэн энэ хугацаанд хэрхэн ажилласан бэ?
-Онцгой байдлын газар болон Батлан хамгаалах яамны шийдвэрийн дагуу Хөвсгөл далайн гүнд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргахад энэ оны наймдугаар сарын 15-наас хойш ажиллалаа. Асар том техник хэрэгсэлтэй 120 гаруй бүрэлдэхүүнтэй баг Далай ээжийн эрэгт тасралтгүй 50 хоног байрлаж ажилласан. ШУТИС-ийн зургаан эрдэмтэн газар дээр нь ирж бүх тооцоо судалгаагаа хийсэн. Бид үндсэн инженерийн багийнхантай хамтарч Хөвсгөл далай дээр хэд дахин ирж нарийн хэмжилт хийсэн. Мөн гүний шумбалтынхантай хамтарч гүний судалгаагаа хийгээд буцсан. Улаанбаатарт очоод бүх бичиг баримт, техникийн тооцоог хийж ерөнхийд нь үйл ажиллагаа явуулах техникийн картыг бэлтгэж Төрийн тэргүүний түвшинд танилцуулсан.
Эрдэмтдийн зүгээс технологийн картыг хоёр хувилбараар гаргасан юм. Энэ удаагийн ажиллагааг хийх туршлага Монголд байсангүй. Нэгэнт туршлагагүй учраас дэлхий яадаг юм бэ гэдгийг харсан л даа. Гүнд осолдсон онгоцыг өргөж гаргадаг технологи байдаг юм билээ. Харин манайх шиг 14-18 метрт бол татаж гаргах нь элбэг. Гэхдээ дэлхийг харвал техник хэрэгслээс эхлээд огт өөр. Тиймээс бидний санал болгосон эхний карт бол дэлхийн жишигт нийцсэн буюу гадаадаас зөвлөх урьж, техник худалдаж авчирч байж хөлөг онгоцыг татах хувилбар байсан. Олон улсын жишгээр бол цар тахлын үеийн худалдан авалтаас эхлээд өртөг зардал ч өндөр гарсан л даа. Хоёр дахь нь монголчууд өөрсдийнхөө хүч бололцоогоор татан авах үндэслэлийг тооцсон. Тиймээс дотоодынхоо цэрэг хүчний байгууллагын нөөц боломжийг сонсч байгаад монголчууд өөрсдийнхөө хүчээр аль болох аюул, эрсдэл багатай арга замыг сонгох тал дээр нэлээдгүй хугацаанд ажиллалаа. Үүний үр дүнд өөрсдөдөө итгэх шийдвэрийг Ерөнхийлөгч гаргасан. Чадах ч  ёстой гэж бодсон. Олон хүний сэтгэлийн хүч гэж гайхалтайг мэдэрлээ.
-Хүний нөөцөөс эхлээд техник хэрэгслийг нарийн тооцсон гэлээ. Татах үйл явцад аюул, эрсдэл ямар байсан бэ?
-Хөлгийг усан дээр ил гаргахад 50 гаруй таталт хийлээ. Технологийн троссоос эхлээд олон ч техник хэрэгсэл, хүн хүч шаардлагатай болсон. Таталт болгон дээр бэрхшээл гарч байсан учраас шийдэл, тооцооллыг нарийн хийж, гар бие оролцсон бүх хүн чаддаг зүйлээрээ туслахыг хичээж ажиллалаа. Энэ хугацаанд шантармаар, бэрхшээмээр олон зүйлтэй тулсан ч тэр болгон дээр онцгой, зэвсэгт хүчнийхний ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлаар бахархсан. Шижигнэсэн залуучууд үүрээр гараад үдшийн бүрий хүртэл шантралгүй 50 хоног ажиллахыг харах хэчнээн сайхан. Энэ хугацаанд бид хамтдаа олон ч зүйлийг шийдэж чадсан. Эргээд харахад 50 хоногийн хугацаа бүтэн жил шиг санагддаг юм байна. Хүнд үетэй нүүр тулсан өдөр хоногууд ч байсан. Хөлөг хазайхад юу ч хийж чадахгүй хараад зогсч байсан үе ч бий. Хөдөлмөр хамгааллын дэглэмийг ягштал баримталсны эцэст элдэв эрсдэл, аюул осолгүйгээр Сүхбаатар онгоцыг гаргасандаа сэтгэл хангалуун байгаа. Зоривол хийж чаддаг юм байна гэдгийг харлаа. Нөгөө талаас их сонирхолтой санагдлаа.
-Онгоцыг гаргасан хугацаа эрдэмтдийн тооцоололтой зөрөв үү?
-Хугацааг анх 14 хоног гэж тооцож төсөөлсөн. Гэхдээ бодит байдал дээр усны гүнд нөхцөл байдал огт өөр болж ирсэн. Гүний тооцооллыг шумбагчдын бичлэг дээрээс харж, төсөөлж тооцоогоо хийсэн. Онгоц яг “өндөг” шиг хаанаас нь ч барьж болохгүй. Барьц олдохгүй, хэврэг байсан. Хүчтэй татвал тасарч, ханзарч унана. Энэ болгон дээр тооцооллыг дахин дахин хийж алхам алхмаар урагшилсан.  Анх хотод боловсруулснаас нэлээн өөр нөхцөл байдал үүссэн учраас шийдэл их хийлээ. Орой үдэш, шөнө дөл хүртэл суугаад ажилласан үе бишгүй байсан.
-Гурван ч танк, том техникүүд харагдлаа. Бүх техникээрээ зэрэг татсан гэсэн үг үү?
-Далайн гүнд шигдсэн аварга том онгоцыг татахад маш их хүч хэрэг болсон. Гаргахын тулд хаанаас нь татах, ямар бэхэлгээ хийхээс эхлээд нарийн тооцоо судалгаа хийсэн дээ. Танк суурьтай гурван татагч машинаас гадна өөр олон техник хэрэгслийг холбож байгаад зэрэг татсан. Энд тэндгүй тросс тасраад л нэлээн том ажиллагаа болсон.
309 тонн жинтэй хөлөг онгоцыг газрын байршлын онцлогоос шалтгаалаад өдөр тутам өөр өөр тооцоолол хийж, олон янзын даалгавартай нүүр туллаа. Анх бол онгоц хэвтээ байрлалд байсныг босгосон. Тэгээд хөндлөн татах уу, дагуу байх уу гэдгийг тооцно л доо. Огцом татвал буцаад гүн рүүгээ орох эрсдэлтэй.
 Техникийн нарийн тооцоолол нууц байдаг. Эхлээд бид маш олон жижиг техникээр тооцоолол төсөөллөө гарсан. Гэтэл тэр олон техник Хөвсгөлд ирсэн бол байгаль дэлхийг сүйтгэхээс эхлээд ямар хэцүү зүйл болохыг таашгүй. Харин хүчтэй цөөн техник авчирсан нь оносон.
Он удаан жил болсон учраас шавар, доторх ус гээд бараг 400 тонн жинтэй эдийг оосорлож чирэхэд инженерийн тооцоо хэрэгтэй. Хүчтэй техникүүдээс гадна троссыг давхарлаж ч татлаа. 50 гаруй удаа татахад бараг тэр болгонд тасарна. Тэгээд л бүх ажиллагааг эхнээс нь хийнэ. Амаргүй цаг үе байлаа. Энэ  хооронд усан цэрэг ч болж үзлээ. Ёстой л танк, усан онгоц жолоодохоос бусдыг нь үзлээ. Бид зөвхөн онолыг нь гаргачихаад суухгүй. Бүх процессыг онол, бодит байдалтай хослуулсан.
-Тооцоо алдсан, буруу татсан бол ямар эрсдэл гарах байсан бэ?
-Хэрэв буруу татсан бол хөлгийг гаргаж чадахгүй. Нимгэн төмөртэй хэсгүүд эвдрэх учраас хамгийн гол нь гэмтээлгүй гаргаж авах байлаа. “Өндөг” шиг бөөрөнхий, хэврэг зүйлийг татах гэдэг том эрсдэл байсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn