“Янгирт” шиг бүлэглэлтэй бол гол хашаалсан ч болох уу!

369

Өмнөх дугаарт бид Хөвсгөл нуур, Хатгал тосгоны орчмын газрын маргааны талаар хөндсөн.
Нуурын өмнөд хэсэг, Чулуут гол болон айлын өвөлжөөг хашаалж 4,5 га газарт жуулчны баазын ажил эхлүүлсэн “Янгирт” компани БОНХАЖЯ-наас 2016 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр анх газрын зөвшөөрлөө авсан байдаг. Гэвч Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаатай огт зөвшилцөлгүй, санал авалгүйгээр тухайн үеийн удирдлагууд ийнхүү яг нуурын эрэг, гол дамнуулан, айлын өвөлжөө оруулан олгожээ. Тийм учраас тухайн үед ХТХГ-ын даргаар ажиллаж байсан Л.Даваабаяр харьяа яамандаа энэхүү газрын зөвшөөрлийг цуцлуулахын тулд хоёр ч удаа албан бичгээр ханджээ. Харин яамнаас ямар нэгэн хариу өгөлгүй байсаар түүнийг тодорхой шалтгаангүйгээр ажлаас нь халж, оронд нь н.Батдэлгэр гэх хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Ингэж л “Янгирт” компани санасандаа хүрч ХТХГ-ын захиргаатай газар эзэмших гурвалсан гэрээ байгуулж чаджээ. Харин Л.Даваабаяр шүүхээр заргалдаж эргээд ажилдаа ороод ч “Янгирт” компанитай гэрээ байгуулах боломжгүй, газрын зөвшөөрлийг цуцлах ёстой гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байж, яаманд албан бичиг явуулсан ч хүлээж аваагүй байна.
Учир нь энэхүү 4,5 га газарт Чулуут голын голдирол, айлын өвөлжөө багтаж байгаа нь нэлээд олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм. Усны тухай хууль, урт нэртэй хуулиудад энэ тухай маш тодорхой заалт байдаг. Уг нь бол голын голдиролд газар авах тухай иргэн нь хүсэлт гаргаж, түүнийг үг дуугүй хүлээж авдаг яам гэж байх ёсгүй юм. Мөн Тусгай хамгаалалттай газарт газар олгохдоо орон нутаг, ТХГ-ын захиргааны саналыг үндэслэх ёстой ч тэгээгүй байна. Ингээд Л.Даваабаяр дарга дахиад л ажлаасаа халагдаж оронд нь өдгөө үүрэгт ажлаа хийж байгаа н.Идэр гэх хүн томилогджээ. Мөн “Янгирт” компани уг газрыг хууль журмын дагуу аваагүй гэдгийг нотолж байгаа өөр нэгэн баримт бол орон нутгийн санал буюу Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын санал юм. Тус сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Ганболд гэж хүний саналыг сүүлд нөхөж бүрдүүлсэн байгаа юм. Яагаад нөхөж бүрдүүлсэн гэж үзэж байгаа вэ гэхээр “Янгирт” компанид олгосон газрын гэрчилгээ 2016 онд гарсан байдаг. Тэгвэл Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Ганболд нь 2017 онд сумын Засаг дарга болсон байдаг юм.
 

“Янгирт” компанийн захирал н.Бямбасүрэн гэх хүн өмнө нь Л.Даваабаярыг дуудаж, хамтдаа тухайн газрыг очиж үзжээ. Ингэхэд нь “ямар ч боломжгүй” гэдгээ хэлээд явжээ. Харин орой нь н.Бямбасүрэн захирал гэрийнх нь гадаа согтуу ирээд “Тохиролцъё” гэсэн санал тавихад нь зөвшөөрөөгүйд “Чи ахыгаа ямар хүн болохыг хараарай. Энэ ажлаа цаашид хийхийг чинь харна аа. Би хийдгээ хийнэ” гэж даналзсан байна. Үнэхээр ч түүний хэлснээр болж Л.Даваабаяр дарга хоёр удаа ажлаасаа халагдаж, Бямбасүрэн захирал өнөөдөр голын голдирол, айлын өвөлжөөний газрыг юман чинээ бодолгүй хашаалж байна. Түүний ингэж томордог, санаснаа хийдэг нь Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн н.Шижир гэх хүнээс ихээхэн хамааралтай аж. Учир нь дүү нь болох энэ нөхрийн ангийн хүүхдүүд болох н.Сансарбаяр нь Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн Удирдлагын газрын дарга, н.Энхбат нь Тусгай хамгаалалттай газрын газар хариуцсан мэргэжил­тэн хийдэг бол Идэр гэгч нь өдгөө Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Ингэж л “Янгирт” компани тусгай хамгаалалттай газар нутагт ямаа шиг дүүлж, дур зоргоор аашилж байгаагийн учир шалтгаан нь энэ мэт бүлэгжсэн найз нөхдүүдтэй холбоотой аж. Энэ компани мөн л Хөвсгөл нуурын хойд эрэг Жанхайн амны цаана байх Онголог нуурын эрэгт буюу Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Хязгаарлалтын бүс нутагт малчин н.Бямбацогт гэж айлын өвөлжөөний газарт 205 га газар авсан нь мөн л маргаантай байгаа юм билээ. Бид бүхэн анх энэ талаар нь тодруулахаар н.Бямбасүрэн захирлын 9999-00.. дугаартай утсаар холбогдоход “Тэр хүмүүсийг шүүхэд өгчихсөн байгаа. Чиний хаанахынх байх хамаагүй” гэж даналзсан нь жирийн малчин өвгөнийг “Би том артай хүн”, төрийн албан хаагчийг “Ямар хүн болохыг минь хараарай” хэмээн томорч ажлаас нь хүртэл халуулж чадаж байгаадаа эрд­сэн хүн бололтой юм билээ. Мон­­гол Улс хуультай, түүнийхээ хэрэг­жилтийг хангуулдаг хууль, шүү­хийн байгууллагуудтай, салбар хариуцсан яам, сайдтай улс мөн л юм бол энэ мэт эрээ цээргүй аашил­сан бүлэг нөхдүүдийн хандыг нь дарах цаг нь аль хэдийнэ болжээ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn