Бичлэг биш, баривчилгаа “моод” болсон сонгууль

383
Бичлэг биш, баривчилгаа “моод” болсон энэ удаагийн сонгуулийн кампанит ажил аядах тийш хандаж байна. Санал хураалт эхлэхэд дөрөв хоног үлдлээ. “Сод Монгол”-ын гэгддэг бизнесменийг 2012 онд нэр дэвших болоход АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилснаас өөр, ингэж олноор нь цагдан хорьсон тохиолдол үгүй учраас “моод” хэмээн тодотгов. Өнгөрсөн сарын сүүлчээс эхэлж, 20 гаруй хоног үргэлжилж байгаа “нэр дэвшигчдийг намнах ажиллагаа”-нд одоогийн байдлаар зургаан хүн (Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан) өртөөд байна.
Ирэх өдрүүдэд хэдэн нэр дэвшигчийг цагдан хорьж, анх баривчлагдсан Н.Номтойбаярт “хань” болгохыг таашгүй. Учир нь Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл гэх мэтчилэн шүүх хурлаа хүлээж буй нэр дэвшигчид бий.
Тэдний гэм буруутай, эсэхийг шүүгчээс өмнө шүүж, өмөөрч, хамгаалах гэсэнгүй. Гагцхүү яагаад сонгуулиар, кампанит ажлынх нь үеэр цагдан хорив. Нэр дэвшихийг нь Сонгуулийн ерөнхий хороо зөвшөөрсөн ч үнэмлэхээ авч чадалгүй анхлан хоригдсон, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяраас эхэлье. 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас түүнийг шалгаж эхэлсэн. Мөн УИХ-ын гишүүн, сайд асан Г.Батхүү амиа алдсантай холбоотой худал мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтад саад учруулсан хэмээн буруутгаж буй. Үндсэндээ найман сар гаруйн өмнөөс шалгаж эхэлсэн хэргийн анхан шатны шүүх хурал сонгуультай таарсан нь энэ. 
Түүний гишүүнээр нь ажилласан Засгийн газрын тэргүүн, 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард олон нийтэд ил болов. Мөн л гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр түүнийг яллагдагчаар татсаны зэрэгцээ шүүхийн дуудсан цагт ирээгүй, шүүн таслах ажиллагааг хүндэтгээгүй, саад учруулсан гэж үзэж цагдан хориод байна. Тэрбээр Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн юм. Харин “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Бат-Ялалтыг ээрч буй хэргийн уг, гарвалыг хөөвөл 2016 оны парламентын сонгуулиас эхтэй. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн, тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татаж, архи ууж буй бичлэгийг олон нийтэд цацсан. Ингэхдээ бичлэгтэй холбоотойгоор Л.Эрдэнэчимэг түүнд 50 сая төгрөг өгсөн, мөнгийг нь буцааж өгнө хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч тухайн үед гишүүн Л.Эрдэнэчимэг мөнгө зээлээч гэхээр нь Х.Бат-Ялалтад 50 сая төгрөг өгсөн хэмээн тайлбар хийж байсан юм. 
Ийнхүү дөрвөн жилийн өмнө 50 сая төгрөг өгсөн, зээлсэн хэмээн маргалдаж байсан хүмүүс өнөөдөр шүүхийн шатанд хоёр талд гарчихаад байгаа нь энэ. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Л.Эрдэнэчимэг “Х.Бат-Ялалт надаас 50 сая төгрөг авахаар дарамталж, заналхийлсэн” хэмээн цагдаагийн байгууллагад хандсанаар түүнийг шалгаж эхэлсэн юм. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард уг хэрэгтэй холбоотойгоор цагдан хоригдсон бөгөөд батлан даалтын хугацаанд шүүх, прокурорынхон дуудсан цагт очоогүй, шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр дахин хоригдсон нь энэ. С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын хувьд Оюутолгойн болон “Дубайн” гэгддэг гэрээтэй холбоотой шүүгдэж байгаа хэмээн хүн бүр ойлгож буй. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг манай Засгийн газар 2009 онд байгуулсан. Магад энэ цаг үеэс эхлэн 10 гаруй жил сайн, муу хэлүүлж, амтай болгоны ярианы сэдэв болж, мэдэхгүй ч хүнгүй мэт эл гэрээг байгуулсан Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд, дараа нь Дубайд байгуулсан төлөвлөгөөнд ажил хариуцсан албан тушаалтны хувьд гарын үсгээ зурсан хүмүүс хамтдаа шүүхийн өмнө зогсож буй учраас ингэж ойлгохоос ч аргагүй. Гэхдээ энэ хэргийг хууль, хяналтын байгууллага 2018 оны эхээр шалгаж эхэлсэн. Харин “Оюутолгойн” гэх тодотголтой уг хэрэгт холбогдуулан долоон хүнийг шүүж буйгаас гурван нэр дэвшигчийг цагдан хорьсон нь энэ.
Ийн шалгагдаж эхэлснээсээ хойш наад тал нь найман сар, цаашлаад гурав, дөрвөн жил орчим хууль, хяналтын байгууллагаар “явсан” эдгээр хэрэг бөөн бөөнөөрөө сонгуулийн үеэр шүүгдэх гэж байгаа нь гайхал төрүүлээд байгаа юм. Эдгээр хэргийг өмнө нь яагаад шийдэж болоогүй юм гэж асуумаар байна. Тэгээд ч Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг бүртгэх, эсэхийг шийдэхдээ цагдаа, шүүх, тагнуул зэрэг олон байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, судалсны үндсэн дээр үнэмлэхийг нь олгодог.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2-т “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн заасан. Нийт ард түмний сонгох, сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг улс төрийн шударга бус өрсөлдөөнөөс хамгаалахын тулд нэр дэвшигчдийн эрх зүйн байдлыг олон улсын эрх зүйд нийцүүлэн манайх хуулиар баталгаажуулсан хэлбэр нь энэ. Харин нэр дэвшигчдийг цагдан хорьсон энэ бүх үйл ажиллагаа сонгуулийн төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хийгдэж буй, эсэх нь өнөө хэр тодорхойгүй. Ядаж л сонгуулийн төв байгууллага ганц ч тайлбар хийсэнгүй. Улс төрийн нам, эвслийн зүгээс тус байгууллагад шаардлага, мэдэгдэл хүргүүлж, нэр дэвшигчид, тэдний сонгогдох, ард, иргэдийн сонгох эрхийг хамгаалахыг хүссэн ч таг чиг.
Харин энэ зуур уг заалтыг хуульчид янз бүрээр тайлбарлаж буй. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг цагдан хорьсон гэж нэр бүхий хуульчид үзэж, хууль, шүүхийнхнийг илт буруутгаж байгаа. Өчигдөр АН-ын удирдлага мэдэгдэл хийж, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр ийм үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэмээн хатуу анхааруулав. Нөгөө талаас хэдийн шалгаж, яллагдагч нар нь тодорхой болсон, шүүх хурлыг нь товлочихсон хэрэгт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2 дахь заалт ямар ч хамаагүй хэмээн зарим нь тайлбарлах аж. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэж, үнэмлэхийг нь өгснөөс хойш нэр дэвшигчийг эрүүгийн хариуцлагад шинээр татах буюу баривчлах, саатуулах, цагдан хорих, тэр ч битгий хэл, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг л хориглож буйгаас бус, хууль, хяналтын байгууллагаар хэчнээн жил, сараар явчихсан дээрх хүмүүст огт хамаагүй гэж байгаа юм.
Сөрөг хүчнүүдийн зүгээс эл үйл ажиллагааг эрх баригч нам, бүлэглэлүүдийнх нь хагарлын улмаас сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж нэр дэвшигчдийг баривчилж байна хэмээн тайлбарлаж байна. Мөн гарсан намын дарга нь өөртэй нь тооцоо бодож байна хэмээн өс зангидах нэгэн ч бий. Шүүх засаглал, шүүгч нарыг бүхэлд нь “хонгил” хэмээн тодотгож, Төрийн тэргүүнийг ч хардаж байгаа нь нууц биш.
Гэвч хэн ч, аль ч нам, эвсэл юу ч гэж тайлбарласан байлаа ч ардчилсан улсын бүх нийтийн сонгууль нь оролцогч улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчид, эсвэл төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой төдий асуудал биш. Өөрөөр хэлбэл, АН, МАН-ын, эсвэл бие даан нэр дэвшсэн хүнийг баривчилж, цагдан хорилоо гэж харах нь хэт өрөөсгөл юм шүү. Энэ бол ард түмний засгийн бүх эрх мэдлийг хэрэгжүүлэх арга зам. Сонгох, сонгогдох нь Монгол Улсын иргэний үндсэн эрх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зорилго нь зөвхөн сонгууль явуулахтай холбоотой бус, сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангахад оршдог. 
Хэдийгээр тэд цагдан хоригдож байгаа ч олонхын саналаар сонгогдчихвол яах вэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх, эсэхтэй холбоотой баахан маргаан өрнөх үү. Эсвэл гишүүн болсных нь дараа халдашгүй байдалд нь халдах уу, яах вэ гэж талцаж, маргалдах уу. Мөн үүсээд буй байдал, олон нийтийн дунд бий болж буй зөрүүтэй ойлголтууд нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх, эсэх, муугаар бодоход нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлын урьтач нөхцөл болох вий хэмээн болгоомжилж буйгаа нуух юун.

Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn